Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй үерийн эрсдэлийг бууруулах, инженерийн дэд бүтцийг шинэчлэх, иргэдийн аюулгүй, эрүүл амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах” төслийг хэрэгжүүлж байна.
Тус төслийн хүрээнд хэрэгжүүлэх хэд хэдэн томоохон ажлуудын нэг нь Дэлхийн банкны санхүүжилттэй “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх” дэд төсөл юм.
Энэхүү дэд төслийн нэгдүгээр багцад нийслэлийн 5 дүүргийн 18 хорооны нутаг дэвсгэрийн 9 байршилд үерийн хамгаалалтын суваг ба далан, борооны ус зайлуулах шугам бүхий нийт 95.5 км урт усны барилга, байгууламжийг 2026-2033 онд барихаар төлөвлөсөн. Хоёрдугаар багцад хотын төвийн хорооллын 50-60 жилийн насжилттай ариутгах татуургын шугам сүлжээг шинэчлэх ажил хийгдэнэ. Нийтдээ 40 км орчим урттай бохир ус дамжуулах хуучин хоолойг шуудуу ухалгүйгээр доторлож, 350 гаруй худгийг засварлаж, шинэчилснээр шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар 20-30 хувиар нэмэгдэж, инженерийн байгууламжийн ашиглалтын хугацаа 30-50 жилээр уртасна гэж тооцоолж байна.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулж дуусган, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын магадлалаар оруулж батлуулах үйл явц үргэлжилж байна.
“Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх” дэд төсөл хэрэгжсэн нутаг дэвсгэрт оршин суудаг 128 мянга хүртэлх хүн ам үерийн эрсдэлээс хамгаалагдах боломж бүрдэж, айл өрхийн эд хөрөнгө, хүний амь насанд учрах эрсдэл буурах, жил бүр давтагддаг үерийн эрсдэлээс үүдэлтэй эдийн засгийн хохирлыг бууруулах ач холбогдолтой юм. Түүнчлэн үерийн халилтын улмаас үүсдэг хөрс, усны бохирдол буурч, хотын ариун цэвэр, эрүүл ахуй, аюулгүй байдлын нөхцөл сайжирна.