Цаг агаар
Валютын ханш
Дэд бүтэц
2026-07-03
“Олон түвшний уулзвар” төслийн эхний таван байршлын зураг төслийн ажил 98 хувьтай байна

“Олон түвшний уулзвар” төсөл нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачаалал хамгийн өндөр цэгүүдэд олон түвшний уулзвар, нүхэн гарц, гүүрийн байгууламжийг үе шаттайгаар байгуулах зорилготой юм.

Төслийн хүрээнд нийт 18 байршилд олон түвшний уулзвар барихаар төлөвлөсөн. Үүнээс эхний ээлжид хэрэгжих таван байршлын техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын нийт явц 98 хувьтай үргэлжилж байна.

Эдгээр таван байршилд инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулж, холбогдох түгээгч, хангагч байгууллагуудтай зөвшилцжээ. Одоогоор зураг төслийг Зам, тээврийн хөгжлийн төвөөр магадлуулах ажил үргэлжилж байна.

Тухайлбал, Моносын уулзварын техник, эдийн засгийн үндэслэл, загвар зураг, авто замын нарийвчилсан зураг төсөл, төсөв болон инженерийн дэд бүтцийн зураг төслийн ихэнх ажил дуусжээ. Цахилгаан, дулаан, ус хангамж, ариутгах татуурга болон инженерийн бусад шугам сүлжээний магадлалын дүгнэлтүүд гарсан байна. Харин мэдээлэл холбооны зураг төслийн төсвийн магадлал үргэлжилж байгаа бөгөөд нийт зураг төслийн ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна.

Офицерын уулзварын техник, эдийн засгийн үндэслэл, авто зам болон инженерийн дэд бүтцийн зураг төсөл, төсөв бүрэн боловсруулагдаж, бүх төрлийн магадлалын дүгнэлт гарснаар зураг төслийн ажил 100 хувь дуусжээ.

МИТС-ийн уулзварын техник, эдийн засгийн үндэслэл, загвар зураг, авто замын зураг төсөл, төсөв болон инженерийн дэд бүтцийн зураг төслийн үндсэн ажлууд мөн дууссан байна. Цахилгаан, дулаан, мэдээлэл холбооны магадлалын дүгнэлтүүд гарсан бөгөөд ус хангамж, ариутгах татуургын төсвийн магадлал үргэлжилж байгаа тул нийт ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна.

Нарт хотхоны зүүн далангийн гүүрийн техник, эдийн засгийн үндэслэл, авто зам, инженерийн дэд бүтцийн зураг төсөл, төсөв боловсруулагдаж дууссан бөгөөд зураг төслийн ажил 100 хувь дууссан байна.

Мөн Наадамчдын зам дахь явган хүний гүүрийн техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төсөл, төсөв болон инженерийн дэд бүтцийн зураг төслийн ажил бүрэн дуусаж, шаардлагатай магадлалын дүгнэлтүүдийг авснаар зураг төслийн ажил 100 хувийн гүйцэтгэлтэй болжээ.

“Олон түвшний уулзвар” төсөл бүрэн хэрэгжсэнээр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэж, замын түгжрэлийн түвшин буурах тооцоо гарсан байна. Ингэснээр хотын төвийн авто замын ачаалал багасаж, зорчих хугацаа буурахын зэрэгцээ иргэдийн бүтээмж, эдийн засгийн идэвх нэмэгдэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ