
Монгол Улс шатахууны хангамж, нөөцийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд бензин, шатахуун хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлжээ.
Салбарын мэдээллээр, 21 аж ахуйн нэгжийн 25 агуулахад нийт 298 мянган шоо метр хэмжээтэй бензин, шатахууны нэг сарын нөөц хадгалах сав байгуулах ажил эхэлсэн байна.
Шатахууны нийлүүлэлт сүүлийн үед тогтворжиж байгаа ч урт хугацаанд эрсдэлээс сэргийлэхийн тулд 3–6 сарын хэрэглээг хангахуйц нөөцийн савтай болох шаардлагатайг салбарынхан онцолж байна. Мөн БНХАУ-аас шатахуун худалдан авах гэрээний хүрээнд эхний нийлүүлэлт орж ирсэн талаар мэдээлжээ.
Өмнө нь ОХУ бензиний экспортод хязгаарлалт тогтоох шийдвэр гаргасан ч тухайн үед Монгол Улс уг хоригт хамаарахгүй гэж мэдээлж байсан. Гэсэн хэдий ч импортын шатахуунаас өндөр хамааралтай манай улсын хувьд нөөцийн сав, хадгалалтын хүчин чадлыг нэмэгдүүлэх нь цаашдын нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулах чухал алхам гэж үзэж байна.
Ингэснээр шатахууны түр тасалдал, гадаад нийлүүлэлтийн саатал, улирлын хэрэглээний өсөлт зэрэг эрсдэл үүссэн үед дотоодын зах зээлийг богино хугацаанд тогтвортой хангах боломж бүрдэх юм.