Цаг агаар
Валютын ханш
Хөрөнгө, санхүүгийн зах зээл
2026-06-30
Монгол Улс анхны ITMO-г олон улсад шилжүүлэх үйл явцыг эхлүүллээ

Монгол Улс, Япон Улс Парисын хэлэлцээрийн 6.2 дугаар зүйлийн хүрээнд хэрэгжүүлж буй Хамтарсан кредит олгох механизм (JCM)-ын хүрээнд бий болсон кредитийг олон улсад шилжүүлэн тооцох ялгарлын бууралтын үр дүн буюу ITMO (Олон улсад шилжүүлэн тооцох ялгарлын үр дүн) болгон ашиглах зөвшөөрлийн албан бичгийг баталгаажууллаа. Ингэснээр Монгол Улс анхны ITMO-г олон улсад шилжүүлэх үйл явцыг албан ёсоор эхлүүлж байна.

Монгол-Японы Хамтарсан кредит олгох механизмын хоёр талын Хамтарсан хорооны VIII хурлаар сэргээгдэх эрчим хүчний дөрвөн төслөөс Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийн хүрээнд 2021 оноос хойш бий болсон, хэмжиж, тайлагнан, баталгаажуулсан ялгарлын бууралтад үндэслэн 214,040 тонн нүүрсхүчлийн хий (CO₂)-тэй дүйцэх хэмжээний кредит олгохоор шийдвэрлэжээ.

Үүнээс:

  • 127,476 кредитийг Монголын талд,
  • 86,564 кредитийг Японы талд тус тус хуваарилсан байна.

Японы талд хуваарилсан 86,564 кредитийг Монгол Улсын анхны ITMO болгон зөвшөөрч, олон улсад шилжүүлэх үйл явцад хамруулах юм.

Зөвшөөрлийн албан бичигт Монголын талаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Бат-Өлзий, Японы талаас Байгаль орчны яамны Даян дэлхийн байгаль орчны товчооны Нүүрстөрөгчгүй хөгжил, тогтвортой дэд бүтцийн шилжилтийн олон улсын хамтын ажиллагааны албаны дэд захирал КҮДО Шүнсүкэ нар гарын үсэг зурлаа.

Кредитийг дараах дөрвөн сэргээгдэх эрчим хүчний төслөөс бий болсон ялгарлын бууралтын үр дүнд үндэслэн олгосон байна. Үүнд:

  • Сонгинохайрхан дүүргийн 12.7 МВт-ын нарны цахилгаан станц (MN003),
  • Дархан хотын 10 МВт-ын нарны цахилгаан станц (MN004),
  • Төв аймгийн Сэргэлэн сумын 15 МВт-ын нарны цахилгаан станц (MN006),
  • Завхан аймагт хэрэгжиж буй 5 МВт-ын нарны цахилгаан станцыг 3.6 МВт.ц батарей хуримтлуулах системтэй хослуулсан төсөл (MN007).

Эдгээр төсөл нь нийт 42.7 МВт суурилагдсан хүчин чадалтай бөгөөд жилд 60 сая гаруй кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Үйлдвэрлэсэн эрчим хүчийг Төвийн бүсийн болон Алтай-Улиастайн эрчим хүчний системд нийлүүлж, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дэвшилтэт технологийг Монгол Улсад нэвтрүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.

 
 
 
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ