
Оюу толгой Ялбаг, Цагаан зүр, Бугатайн голуудын голдирлыг сэргээлээ Зулзагын голоос Ялбагийн хөндий рүү
ОРШИЛ
Ойжуулалтын бааз суурийг нэмэгдүүлэх, хариуцлагатай уул уурхайн жишгийг тогтоох, байгаль унаган төрхдөө эргэн эргэн орохыг дэмжих зорилготой “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөр нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нэгэн хэсэг билээ. Өнгөрсөн оны байдлаар л гэхэд 1210.7га газрыг нөхөн сэргээсэн тэд энэ онд 426.58 га газарт техникийн нөхөн сэргээлт, 650 га газарт масс ойжуулалт хийж буй. Харин энэ онд хийгдээд буй Зулзагын голоос Ялбагийн хөндийг хамарсан унаган байгалиа нөхөн сэргээх их ажлын явцтай хамтаа танилцъя.
________________________________________
ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ
Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд “Оюу толгой” компани 21 уул уурхайн компанийн хамт нэгдэн орж, 2021 онд 100 сая мод тарих амлалт өгсөн билээ. Үүнийхээ хүрээнд тэд энэ оны эцэс гэхэд 1630га эвдэрч, орхигдсон талбайг нөхөн сэргээх, 2370га талбайд масс ойжуулалт хийхээр ажиллаж буй.

Техникийн нөхөн сэргээлтээр хариуцлагагүй уул уурхайгаас үүдсэн олон тооны овоолго, огцом нүх шуудууг тэгшилж, голын голдирлыг сэргээх, хиймэл нуур, цөөрмийг тэгшитгэх, зарим тогтоолд эргийн налуулалт хийн аюулгүй болгох зэрэг ажлуудыг гүйцэтгэдэг. Энэ хүрээнд 2025 оны байдлаар 1210 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн бол яг одоо Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугантайн гол, Хүдэр сумын Хавчиргана ам, Амж зэрэг газруудад хийгдэж буй нөхөн сэргээлтийн ажилтай нийлээд нийт 1630 га талбай байгалийн төрхдөө эргэн орох боломжтой болно.

Харин биологийн нөхөн сэргээлтээр ойн санг тэлэх, ойжуулалтын бааз суурийг нэмэгдүүлэхээр идэвхийлж, энэ онд Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 2200 га талбайд 5 сая шилмүүст мод суулгаж, Өмнөговь аймгийн 300 гаруй га-д заган ойжуулалт хийж буй. Ийнхүү оны эцэс гэхэд хөтөлбөрийн шууд болон дүйцүүлэх хэлбэрээр тарих модны тоо 45-50 саяд хүрэх төлөвтэй аж.
ОНЦЛОХ АЖЛУУДААС:
1. ХОНГОР СУМ ДАХЬ ШИЛМҮҮСТ МОДНЫ СУУЛГАЦ

Дархан-Уул аймгийн анхны масс ойжуулалтыг хийж буй энэхүү талбайд 1.1 сая нарс модны тарьцыг Тужийн нарсыг нөхөн сэргээх үед Монгол орны байгаль, газарзүйн онцлогт хамгийн тохиромжтой хэмээн шалгарсан шан татах аргаар суулгажээ. Тус арга нь эхний гурван жилд зэрлэг ургахаас сэргийлэх, хур тунадасны чийгийг урт хугацаанд тогтоон барих, суулгацыг нар, салхинаас хамгаалах ач холбогдолтой аж. Ширүүн бүсийн шилмүүст модны ойн санг тэлэх энэхүү ажлыг ойролцоох нарсан ойг захаас нь ижил зүйлийн модоор тэлэн гүйцэтгэсэн бөгөөд шинэхэн тарьц ойрын 10-15 жилийн дотор орчиндоо дасан зохицож, 1.5-2.0 метр хүртэл ургах тооцоо бий.
“Говийн улиас” компанийн Ерөнхий инженер Г.Отгонбат

Манай компани 2012 оноос хойш ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажил гардан гүйцэтгэж байна. Жилдээ 5 сая орчим нарс, шинэсний тарьц суулгац гаргадаг. Ноднин ойжуулалт эхлэхэд нэлээд гантай, өвс ургамлын зүйл бага байсан энэхүү талбайд одоо нарс модны ургалтын хувь 80 давжээ. Талбайгаа малын хөлөөс тусгаарлаж бүрэн хашаалсны үр дүн болов уу. Тарьц суулгацууд шангаасаа цухуйж “нүдэнд өртөж” эхэлтэл наанадаж таван жил шаардлагатай. Хашаалсан бүсээ шаардлагатай бол 10 хүртэл жил хамгаалж, мал идэхээргүй хэмжээнд хүрэхэд нутгийн малчид ч энэ бүсийг бараадан буух боломжтой.
“Оюу толгой” компанийн Байгаль орчны хэлтсийн газарзүйн мэдээллийн систем болон өгөдлийн сангийн зөвлөх Н.Пүрэвсүрэн

Оюу толгой компани Дархан-Уул, Сэлэнгэ аймагт нийт 10 сая мод тарихаар төлөвлөсөн. Ийнхүү өнгөрсөн жил нийт 150га талбайд 350,000 орчим тарьц суулгасан бол энэ жил үргэлжлүүлэн 300га газрыг ойжуулна. Суулгацаа тариад орхих биш ирэх гурван жилийн турш талбайдаа нөхөн суулгац хийж, арчилж хамгаалах болно. Ийнхүү гурван жилийн дараа 80-аас илүү хувийн амьдралтай суулгацын талбайг орон нутагт хүлээлгэж өгнө.
2. ЗУЛЗАГЫН ГОЛЫН ОЙЖУУЛАЛТЫН ТАЛБАЙ
ШУТИС-ийн Ойн инженерийн 3-р түвшний оюутан Л.Гантөгөлдөр

Энэхүү 120га талбайд ойжуулалтын дадлага хийгээд 10 гаруй хонож байна. Сарил гэх багажаар хагалсан шандаа 1-2 настай нарсны тарьцыг метрийн зайтай суулгаж байгаа. Миний хувьд өмнө нь дан ухсан нүхэнд тарьц суулгаж байсан бол энэ удаа бага настай ургамлыг анхнаас нь суулгаж байгаагаараа онцлог. Мэргэжил нэгт дүү нарт маань ч үнэтэй туршлага болж байгаа гэдэгт итгэлтэй байна.
ШУТИС-ийн ойн инженерчлэлийн хөтөлбөрийн дэд профессор Б.Баярцэцэг
Энэ зун 2, 3 дугаар курсын 16 оюутан ойжуулалтын дадлага хийж байна. Урьд нь үр, томоохон суулгац тарьж байсан бол энэ удаа 2 настай тарьцаар шангийн ойжуулалт хийж байгаа нь манай сурагчдад тун хэрэгтэй туршлага. Мөн маш том талбайд ажиллаж буйгаараа өмнөх дадлагуудаас онцлог.


3. БУГАНТАЙН ГОЛ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны 35-ын аманд хийж буй техникийн нөхөн сэргээлт 209.2 га талбайг хамарч буй. Томоохон цүнхээлээр дүүрч, голын голдирол ойр хавиас харагддаггүй байсан энэхүү талбайд 40 орчим жилийн өмнөх уул уурхайн олборлолт хийж байсан юм. Голын голдирлыг өөрчилж тогтоосон хиймэл нуурууд нь байгалийн налуу шугамгүй, огцом гүн тул хүн, мал хөл алдах тохиолдол олон байжээ. Иймд эргийн налуулалт хийж, нутгийн иргэд, амьтдын аюулгүй байдлыг хангаж байгаа нь нөхөн сэргээлтийн онцлох ач холбогдол.
"Бугант нандин" ХХК-ийн Захирал С.Батсүх

Би энэ нутгийн хүүхэд. Аав маань ч 1961 онд буюу Бугант тосгон гэж байгаагүй үеэс хайгуул хийж ирсэн түүхтэй. Хүүхэд ахуйдаа Нийлэхийн амнаас доош Арцтай уулаар жимс, самранд явдаг байлаа. Манай нутгийн онцлог нь зуд, ган болдоггүй байгалийн таатай нөхцөлтэй. Нэмээд зөвхөн эндээс л шилмүүст модны таван төрлийг нэг дор харж болно. Иймд нөхөн сэргээлттэйгээ залгуулан ойн сангаа улам баяжуулахаар зорьж байна. Байгаль маш хурдан сэргэдэг тул нутгийнхаа унаган төрхийг дахин амилуулахаар итгэл дүүрэн шамдаж байгаа. Таван жилийн дараа энэ хэсэгт биднийг танигдахын аргагүй байгаль угтана.
Манай компани сүүлийн 20 жил модыг нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгох чиглэлээр үйл ажиллагаагаа эрхэлж байна. Мөн техник болон биологийн нөхөн сэргээлт хийдэг. Оюу толгойн захиалгаар 705 га газрыг нөхөн сэргээсэн байна. Нөхөн сэргээлт хийхдээ нэн түрүүнд хиймэл нуур, цүнхээлийн усыг зайлуулна. Учир нь олон жил болсон хонхор нүх лагаар дүүрэх нь элбэг тул түүнийг зайлуулалгүй хонхрыг дүүргэвэл тухайн лаг даалгүй цөмрөх аюултай. Лагийг нь авч, голын хайрга, томоохон чулуунуудаар эхэлж дүүргэнэ. Ийнхүү тухайн газар машин даахуйц болсны дараа үе шаттайгаар шимт хөрсөөр хучилт хийдэг. Мөн нөхөн сэргээлтийн төгсгөлд газрын хэвгий 18 градусаас ихгүй байх стандарт бий.

4. ЯЛБАГИЙН ХӨНДИЙ

Байгаль Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам (БОУАӨЯ) 2020 онд “Нөхөн сэргээлт 2024” хөтөлбөрөө эхлүүлж, хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч, орхигдсон 8100 га гаруй газрыг тодорхойлж байжээ. “Оюу толгой” компани тэдгээр газрыг нөхөн сэргээх ажилд нэгдэн ороод, 2023 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийн 400га талбайд нөхөн сэргээлт хийсэн. Ийнхүү гурван жилийн дараа манай аяллын баг техникийн нөхөн сэргээлтийн үр дүнд өнгө төрх нь бүрэн сэргэсэн уг хөндийг нүдээр үзсэн юм.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн Байгаль хамгаалагч М.Болдбаатар

Ердөө гурван жилийн өмнө хууль бус алт олборлолтын уршгаар энд малын бэлчээр ч үгүй болчихсон, айл амьтны үхэр, адуу нүхэнд хөл алдаж их осолддог байсан юм. Сэтгэл өмөлзмөөр дүр зураг шүү дээ. Өндөр карьерууд эгнэж, хөрс хайрга чулуугаар хучигдсан байдалтай, машинаар байтугай алхаж явахад ч хүндрэлтэй байсан энэ талбайг нөхөн сэргээснээс хойш манай ялбагийн хөндийн 20 гаруй айл дээр нэмэгдэн шинэ оршин суугчид нүүж ирсээр байна. Ан амьтны хөдөлгөөн ч эрс ихсэж, одоо бол энэ хавиар хандгай, буга согоо, хүдэр ч элбэг харагддаг юм. Мөн жил бүр хар өрөвтас гэх тун ховор шувуу үзэгдэх болсон. Түүнийг харахад их сайхан байдаг.
Ялбагийн хөндийн нөхөн сэргээлт уртаашаа 17-18км үргэлжлэх, 4-5 амыг хамарсан томоохон ажил. Ялбагийн гол урссаар Ерөө гол руу цутгадаг. Манай нутагт энэ хөндийг даваад ч идэвхтэй нөхөн сэргээлт хийж, хүний гараар сүйтгэгдэж, эвдэрсэн газрууд эрс цөөрч байгаад баяртай байна.
Нутгийн иргэн: Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын 6-р багийн оршин суугч Ч.Бүжлхам

- Энд нутаглаад 20 гаруй жил, энэ жил зусландаа буугаад 10 гаруй хонож байна. Хуучин нүх сүвэнд үхэр мал уначихна гэх айдастай, гар чанга байсан. Одоо бол тийм аюул гэж үгүй. Бараг үхрээ хариулахгүй барааг нь хараад л сууж байдаг болсон. Мал ч тэнхэрч, тарга тэвээрэг авч байгаа. Нэмээд голын захаар мод ургаад, нутаг маань нүдний өмнө сэргэж байгааг харахад сайхан байна.
“Оюу толгой” компанийн Байгаль орчны мэргэжилтэн Ж.Баярзаяа

Ялбагийн хөндийг нөхөн сэргээхээс өмнө экологи, эдийн засгийн хохирлын үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага нөхөн сэргээлтээс 3 жилийн дараа ирж өвс ургамлын тархац, хөрсний чанар, ус зүй гээд биологийн суурь байдлын үнэлгээ хийнэ. БОУАӨЯ-д мэдээлэх энэхүү тайлан нь хүмүүс бид багахан л хичээж, газар орноо арчилж чадвал байгаль маш хурдан сэргэдэг гэдгийг батлах баримт учир төрийн байгууллагуудаас эхлээд бүхий л ААН хариуцлагатай уул уурхайн жишгийг үйл ажиллагаандаа далайцтай нэвтрүүлэх үүд юм болов уу.
5. МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗАР БОЛОН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХАНДИВЛАЛТ

Түүнчлэн ойжуулалтын бааз суурийг идэвхжүүлэхээр Өмнөговь аймагт жилд нийт 1,750,000 тарьц суулгац бэлтгэх хүчин чадалтай 5 мод үржүүлгийн газар хүлээлгэн өгч, үргэлжлүүлэн Архангай аймгийн Цэнхэр суманд мөн хүчин чадалтай үржүүлгийн газрыг барьж буй.

6. ИРЭЭДҮЙДЭЭ ИЛГЭЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

“Оюу толгой” компани 2030 онд хөтөлбөр дуусахаас өмнө 100 сая модны 60 хувийг бодитоор тарьж, 40 хувийг салбарын хүний нөөц, дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийн дүйцүүлэхээр төлөвлөсөн билээ. Үүний хүрээнд ойн салбарын ажиллах хүчний чадавхыг бэхжүүлэх зорилгоор Ойн инженер мэргэжлээр сурч буй оюутнуудад сургалтын тэтгэлэг олгож буй. Цаашлаад хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт, Монгол орны 46 сум дундын ойн ангийн төлөөллийг цуглуулсан туршлага хуваалцах аяллаас эхлээд төрөл бүрийн тарьц, суулгацын зүйлийг судлах эрдэм шинжилгээний олон далайцтай ажлыг зохион байгуулж байгаа аж.
Ийнхүү энэ оны эцэс гэхэд “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийн шууд болон дүйцүүлэх хэлбэрээр тарих гүйцэтгэл 45-50 орчимд саяд хүрэх төлөвтэй байна.
Эх сурвалж: unread.today