
Соёлын тухай хууль болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр соёл, урлагийн салбарт хүний эрхийг дээдэлсэн, ёс зүйтэй, нийгмийн хариуцлагатай орчныг төлөвшүүлэх талаар холбогдох төрийн байгууллага болон орон нутгийн соёлын байгууллагуудад зөвлөмж хүргүүллээ.
Тус зөвлөмжөөр аливаа төрлийн хүчирхийлэл, садар самуун, дайн түрэмгийлэл, ёс бус үг хэллэг, нийгэмд сөрөг нөлөө үзүүлэх агуулгыг соёл, урлагийн арга хэмжээ, тоглолт, уран бүтээлээр дамжуулан олон нийтэд түгээхээс урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарч, хүний эрх, эрх чөлөө, эрх тэгш байдлыг хүндэтгэсэн, гэр бүлийн эерэг харилцаа, зөв хандлага, хүмүүнлэг үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг чиглэл болголоо.
Энэ хүрээнд аймаг, нийслэл, орон нутгийн соёл, урлагийн байгууллагууд өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, тоглолт зохион байгуулагчдад холбогдох хууль тогтоомж, зөвлөмжийг тухай бүр хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллах юм.
Соёл, урлагийн салбар нь нийгмийн үнэт зүйл, хүмүүжил, иргэний ухамсарт чухал нөлөө үзүүлдэг тул хүүхэд, залуучуудыг зөв төлөвшүүлэх, эерэг агуулгыг түгээн дэлгэрүүлэхэд төр, байгууллага, уран бүтээлчид, иргэдийн хамтын оролцоо чухал ач холбогдолтой.