Улаанбаатар хотын авто замын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах, нийтийн тээврийн хөгжлийн шинэ шийдэл болох “Улаанбаатар трам” төслийг нийслэлийн хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Орчин үеийн инноваци шингэсэн, аюулгүй, найдвартай, хурдан шуурхай, хотын өнгө үзэмж болон иргэдийн өдөр тутмын зорчилт хөдөлгөөний хугацааг хэмнэх зэрэг олон чухал ач холбогдолтой энэхүү төсөл нь иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, нийслэлийн тогтвортой хөгжилд онцгой хувь нэмэр оруулах юм.
Тус төслийн 2 дугаар шугам болох Архивын Ерөнхий Газраас Сүхбаатарын талбай чиглэлийн тендерийг “Зураг төсөл боловсруулах, худалдан авалт хийх, барилга угсралт гүйцэтгэх” (EPC) нөхцөлтэйгээр 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зарласан. Тендерийг 04 дүгээр сарын 29-ний өдөр нээх байсан боловч оролцогч талуудаас ирсэн хугацаа хойшлуулах санал хүсэлтийг үндэслэн Тендерийн үнэлгээний хороо хуралдаж 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл сунгалаа.
Төслийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Мэргэжлийн зөвлөлөөр 2026 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хэлэлцэн дэмжсэн. Мөн одоогийн байдлаар БОУАӨЯам дээр цахим бүртгэлд оруулахаар хүлээгдэж байна. Төслийн хоёрдугаар шугам хэрэгжсэнээр тухайн чиглэлд оргил цагт цагт 6989 хүртэл зорчигч тээвэрлэж, авто замын хөдөлгөөний ачааллыг 12.2 хувиар бууруулах урьдчилсан тооцоо гарчээ. Мөн зорчигчид автобусаар 90-100 минут зарцуулдаг замыг трамвайгаар 35-40 минутын хугацаанд туулах боломж бүрдэх юм. Тус төсөл хэрэгжсэнээр хотын агаарын бохирдолд нөлөөлж буй нүүрсхүчлийн хийн ялгарал жилд 43.3 тонн, азотын ислийн ялгарал 301.9 тонноор буурах тооцоо гарсан нь хотын хүрээлэн буй орчинд эерэг нөлөө үзүүлнэ.
Харин төслийн нэгдүгээр шугам нь Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл хэрэгжинэ.