
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев өнгөрсөн онд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэрээ спортын салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд үүний дотор өсвөрийн боксчдын харилцан хамтарсан бэлтгэл сургуулилалт зохион байгуулах байв.
Энэ хүрээнд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Биеийн тамир, спортын зөвлөх Ш.Амарсайхан ахалж, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Есүхэйбаатар, Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзоригийн удирдлага дор Монголын боксын өсвөр үеийнхний 15 тамирчин Узбекистан улсад хамтарсан бэлтгэл сургуулилтад хамрагдахаар тус улсыг зорив.
Тэд боксын олимп, дэлхийн хошой аварга, Ази тивийн гурван удаагийн алтан медальт Баходир Джалоловын нэрэмжит боксын төрөлжсөн сургуульд есөн хоногийн хугацаанд өндөржүүлсэн бэлтгэл сургуулилтад хамрагдаж, улмаар тус улсын нийслэл Ташкент хотод тавдугаар сарын 1-15-ны өдрүүдэд болох өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм. Хоёр улсын өсвөрийн боксчдын эхний хамтарсан бэлтгэл сургуулилтыг 2025 оны зургаадугаар сарын 22-ноос долоодугаар сарын 15-ны хооронд Хандгайт дахь “Их тамир” цогцолборт зохион байгуулахад Узбекистан улсаас гурван дасгалжуулагчийн удирдлага дор 14 тамирчин бэлтгэл сургуулилт хийсэн билээ.
Тэрхүү хамтарсан бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгсөөр байна. А.Алтанзул хамтарсан бэлтгэл сургуулилтын дараа Олон улсын хүүхдийн спортын наадмаас алт, Азийн АШТ-ээс мөнгө, “Бахрейн-2025” Азийн залуучуудын III наадмаас хүрэл медаль хүртсэн бол М.Цэлмэг Олон улсын хүүхдийн спортын наадмаас хүрэл, БНХАУ-д зохион байгуулагдсан олон улсын тэмцээнээс алт, УАШТ-ээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл гардсан байна. Мөн Х.Батнаран УАШТ-ээс алт, Олон улсын хүүхдийн спортын наадмаас хүрэл, “Бүс ба зам” тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.