Жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь мягмар гарагт Дэлхийн нийгмийн ажилтны өдрийг тэмдэглэдэг.
Өнөөдөр дэлхийн өнцөг буланд амьдарч, ажиллаж буй нийгмийн ажилтнууд 2026 оны Дэлхийн нийгмийн ажлын өдрөө “Хуваагдсан нийгмийг нэгтгэхийн төлөө Найдвар хийгээд найрслыг хамтран бүтээе” уриан дор тэмдэглэж байна.
Энэ хүрээнд, Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Нийгмийн ажлын багш сургагчдын холбоо, Гүнж төв ТББ, Хөөрхөн зүрх ТББ-тай хамтран “Нийгмийн ажилтны нээлттэй индэр” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт хүүхэд хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, халамж, шүүхийн шийдвэр, иргэний нийгмийн талбарт ажиллаж буй найман нийгмийн ажилтан панелистаар оролцож, нийгмийн ажил мэргэжлийн онцлог, мэргэжлийн давуу тал, нийгмийн салбарт оруулж буй хувь нэмэр, тулгарах сорилт бэрхшээл, даван туулж буй арга зам сэдвээр туршлагаа хуваалцаж байна.
Мөн хэлэлцүүлэгт оролцож буй олон салбарын нийгмийн ажилтан, их дээд сургууль, мэргэжлийн холбоодын 120 гаруй төлөөлөгчид Нийгмийн ажлын хуулийн төсөлтэй холбоотой санал бодлоо мөн солилцох юм.