
“Монгол цэргийн өдөр” Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр, унтраах, аврах 24 дүгээр ангийн 50 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулж буй “Эх орны төлөө-2026” цогцолбор тэмцээнд Төв аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн цэргийн болон хууль сахиулах 20 байгууллагын 320 гаруй тамирчин спортын зургаан төрөлд өрсөлдөх юм.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга Л.Төмөрчөдөр оролцож “Тэмцээний төрөл тус бүрд хамт олноо төлөөлөн спортын тэргүүний тамирчин албан хаагчид бэлтгэл ханган оролцож, ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорин шударга өрсөлдөж байгааг харах сайхан байна. Мөн тэмцээнийг аймгийн Биеийн тамир, спортын газрын багш, дасгалжуулагчид болон Олон улсын шүүгчид шүүн явуулж байгаа нь энэхүү тэмцээний нэр хүнд, цар хүрээ жилээс жилд өргөжиж байгаагийн тод илрэл хэмээн харж байна. Баг, тамирчид та бүхэн тэмцээний дүрэм журмыг чанд мөрдөж, аюулгүй байдлаа ханган, үнэнч шударгаар өрсөлдөхийг уриалж байна” гэлээ.
Хууль, хүчний байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүүхэд, залуучууд, иргэдэд эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх, албан хаагчдын ур чадварыг сорих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эх орны төлөө-2026” цогцолбор тэмцээн энэ жил аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр, унтраах, аврах 24 дүгээр ангийн 50 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог болж байна.