
Монгол Улсын орчин үеийн кино урлагийн шилдэг бүтээлүүдийг Бүгд Найрамдах Солонгос Улсын үзэгчдэд таниулах “Монголын 6 уран бүтээлийн тусгай хөтөлбөр” нэвтрүүлгийг ONN ОндокторTV суваг бэлтгэн хүргэж эхэллээ.
Тус хөтөлбөр нь Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар болон ONN ОндокторTV суваг хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд Монгол Улсын соёл, урлагийг олон улсад сурталчлах, хоёр улсын соёлын солилцоог өргөжүүлэхэд чиглэж байна.
Хөтөлбөрийн хүрээнд “Алдагдсан өдрүүд”, “Дурсаж яваарай”, “Эмэгтэй”, “Тойрог”, “Мөнхөө”, “Шар гэгээ” зэрэг Монголын орчин үеийн кино урлагийн төлөөлөл болсон зургаан уран бүтээлийг 2026 оны 1 дүгээр сарын 23-наас эхлэн долоо хоног бүрийн баасан гарагт оройн 22:00 цагт БНСУ-ын телевизийн сувгуудаар цацаж байна.
Эдгээр бүтээлүүд нь Монгол орны байгалийн үзэсгэлэнт төрх, нийгмийн хөгжлийн өөрчлөлт, хүний амьдралын бодит дүр төрх, дотоод ертөнцийг уран сайхны хэлээр илэрхийлсэн бөгөөд Монголын орчин үеийн кино урлагийн өнөөгийн өнгө төрхийг БНСУ-ын үзэгчдэд бодитоор хүргэх ач холбогдолтой юм.
Тусгай хөтөлбөрийг БНСУ-ын:
SK Btv 270-р суваг,
KT Genie TV 262-р суваг,
LG HelloVision 245-р суваг,
Үльсан төв телевиз JCN 155-р сувгаар тус тус хүлээн авч үзэх боломжтой.