Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2025-07-07
ЭЗБХ: Нийтийн өмчийн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Төв банкны мэдээллийг сонсон, холбогдох Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.07.07) хуралдаанаар Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Мөн “Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Дараа нь Засгийн газраас 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн өмчийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцуулав.

Монгол Улс 1990 оноос зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбогдуулан 1996 онд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг анх баталсан бөгөөд уг хууль нь өдгөө нөхцөл байдалтай нийцэхгүй, нийгмийн харилцааны өөрчлөлт, хөгжлөөс хоцорсон тул эрх зүйн шинэчлэл, бодлогын баримт бичигт дэвшүүлсэн зорилтын хүрээнд нийтийн өмч, түүний дотор төрийн болон орон нутгийн өмчийн харилцааны зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, хууль хоорондын давхардал, хийдлийг арилгах, төрийн болон орон нутгийн өмчийн ангилал, хэлбэрийг зохистой тогтоож, өмчийн удирдлага, бүртгэл, ашиглалт, хамгаалалт, хяналтын үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх зорилгоор шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн нэрийг Иргэний хуульд заасан өмчийн төрөлд нийцүүлэн өргөжүүлж, нийтийн өмчийн суурь харилцааг зохицуулах хүрээнд “Нийтийн өмчийн хууль” гэж өөрчилж, нийтийн өмчийг удирдах зарчим, өмчийн зориулалт, ангилал болон өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх нийтлэг харилцааг зохицуулах эрх зүйн үндсийг бүрдүүлнэ. Ингэхдээ төрийн болон орон нутгийн өмчийн харилцааг тус хуулиар, харин олон нийтийн болон шашны өмчийн харилцааг уг хуульд нийцүүлэн тухайлсан хуулиар зохицуулахаар тусгасан болохыг С.Бямбацогт сайд танилцуулсан юм. Энэ хүрээнд хуулийн зорилтыг “нийтийн өмч, түүний ангилал, өмчийн удирдлага, нийтийн өмчид хөрөнгө олж авах, эзэмших, ашиглах, захиран зарцуулах, бүртгэл, тооллого, тайлагнал, хяналт, ил тод байдлыг хангахтай холбоотой нийтлэг харилцааг зохицуулах”-аар өргөжүүлэн тодорхойлсон байна.

Хуулийн төсөл нь 9 бүлэг, 81 зүйлтэй хэмээгээд тэрбээр зарчмын өөрчлөлтүүдийн талаар Байнгын хорооны хуралдаанд дэлгэрэнгүй танилцуулав. Нийтийн өмч, түүний дотор төрийн болон орон нутгийн өмчийн удирдлага, зохицуулалт, хяналтын нэгдмэл байдлыг хангах зорилгоор хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлэхийн зэрэгцээ хуулийн үйлчлэлд хамаарахгүй боловч тухайлсан хуулиар нарийвчлан зохицуулах харилцааг бусад хууль тогтоомж болон эрх зүйн шинэчлэлтэй уялдуулан тодорхойлсон байна. Хуулийн нэр томьёог Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуульд нийцүүлэн шинэчилж, төрийн болон орон нутгийн өмчийн харилцаанд баримтлах зарчимд өмчийн удирдлага нэгдмэл байх, өмчийн удирдлагыг хуулиар тогтоосон хязгаарлалтын хүрээнд хэрэгжүүлэх, тооцоо, судалгаанд үндэслэсэн, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн байх зэрэг тусгай зарчмыг шинээр тусгажээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн ангиллыг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн шинэчилж, төрийн өмчийн өмчлөгч нь Улсын Их Хурал, орон нутгийн өмчийн өмчлөгч нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал байх зарчмыг хэвээр хадгалж, өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч этгээдүүдийн эрх хэмжээний давхцал, ойлгомжгүй байдлыг арилгаж, харилцан уялдаатай байхаар тусгасан байна. Мөн Төрийн өмчийн хороо, Орон нутгийн өмчийн газрын хяналтын чиг үүргийг тодруулан хуульчилсан, түүнчлэн, Төрийн өмчийн хорооны бүрэлдэхүүнд хөрөнгийн удирдлага, хөрөнгийн үнэлгээ, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэргэшсэн иргэнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилж ажиллуулах боломжийг бүрдүүлжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн өмчлөгч, өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч, өмчийн эзэмшигч этгээдийн эрх зүйн байдлыг хөрөнгийн эрхийн байдалтай нь уялдуулан оновчилж тогтоосон байна. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн өмчийн удирдлага болон хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн эрх, үүрэг, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх, гүйцэтгэх удирдлагыг томилох зэрэг асуудлыг төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай бие даасан хуулиар зохицуулахаар тусгасан хэмээн Монгол Улсын сайд С.Бямбацогт танилцуулсан юм.

Төрийн болон орон нутгийн өмчид хөрөнгө олж авах, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг бусдад ашиглуулах, шилжүүлэх асуудлыг үр ашигтай, нээлттэй, ил тод байдлаар хэрэгжүүлэх журам, аргыг нарийвчлан тусгажээ. Энэ хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, нийтийн эрх ашгийг хангах зорилгоор өмчийг ашиглуулах, шилжүүлэх үндэслэл, зорилго, гэрээний нөхцөл, талуудын хүлээх эрх, үүргийг тодорхой хуульчилж, өмчийг бусдын өмчлөлд шилжүүлсний дараа хэрэгжүүлэх хяналтын зохицуулалтыг төсөлд шинээр тусгасан гэв.

Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэлийн нэгдмэл тогтолцоо, түүний бүрдэл хэсгийг тодорхойлж, хөрөнгө бүртгэх, тоолох, үнэлэх үйл ажиллагааг нарийвчлан зохицуулжээ. Төрийн нийтийн өмчийн нэгдсэн бүртгэл, тооллого, төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн дагнасан бүртгэлийг хийх, хөрөнгийн өөрчлөлт, хөдөлгөөн, хөрөнгө эзэмшигчийн мэдээллийг нээлттэй байлгах хууль зүйн үндэслэлийг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн ашиглалтын хяналт шалгалт, сахилга, хариуцлагын үр нөлөөтэй тогтолцоог бүрдүүлж, өмчлөгч болон төрийн хяналтыг хэрэгжүүлэх журмыг нарийвчлан зохицуулж, Улсын Их Хурал, Засгийн газар, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга болон Төрийн өмчийн хороо, орон нутгийн өмчийн газраас хяналт хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндэслэл, журмыг тодорхойлсон аж.

Төрийн болон орон нутгийн өмчийг удирдах үйл ажиллагааны ил тод байдал болон олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх зорилгоор өмчийн бүртгэл, тайлагналттай холбоотой журмыг шинэчилж, өмчийн бүртгэл, хөдөлгөөн, өмчийн ашиглалтын менежментийн төлөвлөгөөний гүйцэтгэл, хяналт шалгалтын талаарх мэдээллийг тусгасан төлөв байдлын тайланг гаргаж, Улсын Их Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах, тайланг олон нийтэд нээлттэй байршуулах талаар нарийвчлан тусгасан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, тооллого, үнэлгээ, өмчийн хөдөлгөөн, тайлан, хяналт шалгалттай холбоотой мэдээллийг төвлөрүүлсэн цахим систем, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, эрхлэн хөтлөх, хөгжүүлэх, мэдээллийг баталгаажуулах болон хадгалалт, хамгаалалтыг хэрэгжүүлэх журмыг хуульчлах шаардлагатай хэмээн үзэж, төсөлд тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар төрийн болон орон нутгийн өмчийн төрөл, хөрөнгийн ангилал, өмчлөх эрх болон өмчийн удирдлага хэрэгжүүлэх субьектийн чиг үүрэг, үйл ажиллагааны үндэслэл, журам тодорхой болж, төрийн болон орон нутгийн өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, үр ашиг, үнэлгээг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн Монгол Улсын сайд С.Бямбацогт танилцууллаа. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн харилцаатай холбоотой хууль хоорондын хийдэл, зөрчил арилж, төрийн нийтийн өмчид хамаарах газар, байгалийн баялаг болон бусад өмчийн хөрөнгийн удирдлагын нэгдмэл тогтолцоо хангагдаж, Монгол Улсын Үндсэн хуулиар тодорхойлсон байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчим бодитой хэрэгжих суурь нөхцөл бүрдэнэ хэмээн тооцсон байна.

Төрийн болон орон нутгийн өмчтэй холбоотой шийдвэр хариуцлагатай, ил тод, нээлттэй байх, төрийн үйлчилгээ түргэн шуурхай, хүнд суртлаас ангид байх зарчмын хэрэгжилт хангагдаж, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах болон үнэлэх, бүртгэх, бусад ашиглуулах, шилжүүлэх үйл ажиллагаа нийтийн эрх ашигт нийцсэн, үр ашигтай байх хууль зүйн үндэслэл бүрдэх ач холбогдлыг дурдаж байв.

Үргэлжлүүлэн тэрбээр өмчийн удирдлагын эрх мэдлийн хуваарилалтыг оновчилж, төрийн болон орон нутгийн өмчийн хөдөлгөөний шийдвэр гаргалтын процессыг хялбаршуулж, нэгдсэн хяналтын механизмыг бүрдүүлснээр өмчийн удирдлагын үр ашиг болон зардлын харьцаа сайжирна хэмээн танилцуулсан. Түүнчлэн, төрийн болон орон нутгийн өмчийн үр ашигтай байдлыг дээшлүүлж, хөрөнгийг бүрэн бүртгэж өмчлөх эрхийг баталгаажуулснаар төрийн өмч нэрийн дор хэн нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалтан хувьдаа шамшигдуулах, хууль бус үйлдэл гаргахаас сэргийлэх, улмаар төрд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзсэн гэлээ. Хуулийн төслийг дагалдуулан 41 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 2 төслийг өргөн мэдүүлсэн байна.

Дараа нь хуулийн төслийн талаарх хууль зүйн дүгнэлтийг Улсын Их Хурлын Тамгын газрын Хуулийн газрын дарга Ч.Дондогмаа танилцуулсан юм. Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Л.Соронзонболд, А.Ундраа, О.Номинчимэг, М.Мандхай, Ш.Бямбасүрэн, М.Бадамсүрэн нар асуулт асууж, С.Бямбацогт сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авсан юм. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд төсөл дэх томьёоллуудыг нарийвчлах шаардлага бий хэмээгээд хэлэлцүүлгийн явцад ажлын хэсэг нухацтай ажиллах нь зүйтэй хэмээв. Байнгын хорооны дарга Р.Сэддорж нутгийн өөрөө удирдах ёсыг дэмжих, орон нутгийн хөгжлийг дэмжих зохицуулалтуудыг тусгах, өнөөдрийн хуралдаанаар гишүүдээс гаргасан саналыг анхаарах зэрэг асуудлыг тодотгож, холбогдолтой саналыг хэлсэн юм. Ингээд санал хураалт явуулах байсан ч түр хойшлуулаад, Монголбанкны бүтцийн талаар Монголбанкны мэдээллийг сонсов.

Монголбанк 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 13 газар, 1 төв, 1 хүрээлэн, 3 бие даасан алба, орон нутаг дахь 5 хэлтэс, 12 салбар, 2 төлөөлөгчийн газартайгаар үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. Төв аппаратад 574, орон нутаг дахь хэлтэс, салбарт 123, нийт 697 батлагдсан орон тоотой ч өнөөдрийн байдлаар 641 хүн ажиллаж байгаа хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа. Хүүхэд асрах чөлөөтэй 26, гадаадад суралцаж байгаа 35 ажилтан бий гэв. Хүйсийн харилцааны тухайд төвд ажиллаж буй 521 ажилтны 50.3 хувь нь эрэгтэй, орон нутагт ажиллаж буй 118 ажилтны 40.2 хувь нь эмэгтэй, жендэрийн хувьд тэгш байгаа гэдгийг тодотгож байсан. Нийт ажилтнуудынхаа ажилласан жил, дундаж наслалт, мэргэжил, мэргэжлийн зэрэг болон сургалт хөгжүүлэлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Төв дэх нийт ажилтнуудын 117 нь эдийн засагч, 106 нь бизнесийн удирдлага, 63 нь нягтлан бодогч, 42 нь санхүүгийн мэргэжилтэн, 45 нь эрх зүйч, хуульч, үлдсэн нь бусад мэргэжлийнх байдаг байна.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, Б.Найдалаа, Л.Соронзонболд нар асуулт асууж, Монголбанкны удирдлагуудаас хариулт, тайлбар аван, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар, Р.Сэддорж нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ийнхүү Монголбанкны бүтцийн талаарх мэдээллийг сонсож дууслаа. Хуралдаанаар үргэлжлүүлэн “Монголбанкны бүтцийн өөрчлөлтийн талаар авах арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Р.Сэддорж дарга төслийн талаар танилцуулсан юм.

Эдийн засгийн гадаад, дотоод нөхцөл байдал болон учирч болзошгүй эрсдэлийг харгалзан төрийн хэмнэлтийн бодлогын хүрээнд байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах зорилгоор орон тоог цөөрүүлж, бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн зохион байгуулах чиглэлээр арга хэмжээг авч ажиллахыг Төв банкны удирдлагад даалгахаар төсөлд тусгажээ. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхдээ байгууллагын хэвийн үйл ажиллагаанд доголдол үүсгэхгүй байхад анхаарч, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа Улсын Их Хуралд танилцуулахыг мөн үүрэг болгохоор холбогдох зохицуулалтыг тусгасан байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ