Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2025-11-10
Төв аймаг дахь Политехник коллежийн "Түншлэгч байгууллагуудын өдөрлөг" боллоо

Боловсролын яамны харьяа магадлан итгэмжлэгдсэн Төв аймаг дахь Политехник коллеж нь 1980 онд Барилгын техник мэргэжлийн сургууль нэртэйгээр байгуулагдсан. 1993 онд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, 2021 оноос Төв аймаг дахь Политехник коллеж болон үйл ажиллагаагаа явуулж байна.
Ирээдүйн ажилтай мэргэжилтэн бэлтгэх, мэргэжлийн чиг баримжаа олгохоор өдгөө 45 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа тус коллеж өнөөдөр хичээл сургалтын үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажилладаг “Түншлэгч байгууллагуудын өдөрлөг”-өө зохион байгууллаа.
Төв аймаг дахь Политехник коллеж 59 багш, ажилтантай. Багш ажилчдын хувьд улс бүсийн ажил мэргэжлийн болон заах арга зүйн уралдаан, спортын тэмцээнд тогтмол амжилттай оролцдог.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Band for good олон улсын байгууллага, ӨМӨЗО-ны Хөх хот, Шилийн гол, Хянган аймгийн ажил мэргэжлийн дээд сургуулиуд болон Япон Улсын Койка, Жайка олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг. Сургалтын чиглэл, онцлог байдалдаа тулгуурлан “Түншлэгч байгууллагын өдөрлөг”, “Хамтдаа” эцэг эх, асран хамгаалагчдын өдөрлөгүүдийг зохион байгуулж хэвшжээ.
Материаллаг баазын хувьд 4529.7м2 талбай бүхий 11 хичээлийн танхим, 2 лаборатори, барилгын сантехникч, цахилгаанчин, гагнуурчин, тогооч, барилгын засал чимэглэлчин, үс заслын мэргэжлийн дадлагын газруудтай. 100 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр, 580м2 талбай бүхий спорт заалтай.
Элсэлтээ хөдөлмөр эрхлэлт, зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн судалгаанд тулгуурлан зохион байгуулдаг ба төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт 75 орчим хувьтай байдаг аж. Коллежид суралцаж, тэдний нэг эд эс болсноор дараах боломжууд бий болдог байна. Сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэгтэй ба суралцагчыг төгсөх үед 1 удаа олгодог. Тухайлбал 1.5 жилийн ангийн суралцагч 3.0 сая төгрөг, 3 жилийн ангийн суралцагч 6.0 сая төгрөг, 1 жилийн ангийн суралцагч 2.0 сая төгрөгийг авахаас гадна сургалтын төлбөр, дотуур байр, суралцагчдын хоолыг төр бүрэн хариуцдаг. Гурван жил суралцсанаар бүрэн дунд боловсрол, мэргэжлийн боловсролыг давхар эзэмших давуу талтай бөгөөд цаашид их дээд сургуульд дэвшин суралцах боломжтой юм.
Багш нарын хичээл заах ур чадвар, суралцагчдын суралцах хүсэл тэмүүлэл, авьяасын үр дүнд бий болсон бүтээгдэхүүнүүд болон спорт заалны түрээс зэргээс өөрийн орлогыг бүрдүүлдэг ба энэ онд 30 орчим сая төгрөгийг бүрдүүлсэн хамт олон гагнуур, хоол үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах боломжтой, бид захиалгаа авсаар байгаа шүү хэмээн онцолсон.
Тус коллежийн үйл ажиллагаа явуулж байгаа одоогийн барилга нь 78 жилийн өмнө баригдсан ба сургалтын зориулалтаар баригдаагүй барилга аж. Олон жилийн насжилттай барилгад үүсдэг доголдлууд бий болсоор байсныг дээд шатны байгууллагууддаа уламжилсны дагуу орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн хичээлийн шинэ барилга, 200 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр, урлаг заал, спорт заал, мэргэжлийн дадлагын бааз, автомашины зогсоол зэргээс бүрдсэн цогцолбор сургууль барихаар газрын асуудлыг шийдвэрлэж, зураг төсөв нь хэдийнээ бэлэн болжээ.
Өдөрлөгийн төгсгөлд хүрэлцэн ирсэн зочдоо тогоочийн ангийн суралцагчдын бэлтгэсэн амтат хоол цайгаар дайлсан нь зочдод ихээхэн таалагдаж, өндөр сэтгэгдэлтэй байсныг энд дурдах хэрэгтэй.
Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын зорилго нь нийгмийн хөгжил, эдийн засгийн бүтээмжийг дэмжих, хөдөлмөрийн зах зээл, ур чадварын эрэлт, шаардлагад нийцсэн мэргэжлийн ур чадвар бүхий иргэн бэлтгэж, мэргэшлийн түвшин ахиулах, тасралтгүй хөгжих хэрэгцээг хангахад чиглэдэг.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ