Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
14 цаг 19 мин
Төв аймгийн түүхийг бүтээлцсэн үе үеийн Засаг дарга нарын хөрөг зургийг заллаа

Монгол Улсын анхны дөрвөн аймгийн нэг Богдхан уулын аймаг, одоогийн Төв аймгийн 104 жилийн түүхийг бичилцэж, төрийн жолоог удирдан чиглүүлж явсан төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийг олон нийтэд таниулахын зэрэгцээ түүхэн цаг хугацааны явцад улс, эх орон, нутаг усныхаа төлөө тэдний зориулсан сэтгэл зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр шимийг ирээдүй хойч үеийнхэнд сурталчилж, эх оронч үзлийг бадраах зорилгоор үе үеийн Засаг дарга нарын хөрөг зургийг Төв аймгийн Засаг даргын Тамгын газарт залах ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.
Ёслолд аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, ИТХ-ын Нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Батцэцэг, Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, ЗДТГ-ын дарга С.Цогбаяр, 1985-1991 оны хооронд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Гомбожав, 1996-1997 оны хооронд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан П.Цэрэн, 2012-2016 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Баярбат, 2020-2024 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Мөнхбаатар нар болон хэлтэс, агентлаг, байгууллагын удирдлагууд, төрийн албан хаагчид оролцлоо.
1923 оноос хойш эдүгээг хүртэл 28 эрхэм хүмүүн Төв аймгийн даргаар ажиллаж, аймаг, орон нутаг, улс орныхоо тусгаар тогтнолыг бэхжүүлэх, хөгжлийг түүчээлэх, сайн сайхан ирээдүйг бий болгоход залуу халуун нас, сэтгэл, зүтгэлээ зориулсаар иржээ.
Төв сайхан нутгийн гал голомтыг сахиж явсан удирдагуудаас улс, эх орны хэмжээнд нэр төртэй алба хашиж явсан бахархалт түүхийн эзэд олон бий.
Тухайлбал:
- Аймгийн анхны даргаар Монголын алтан ургийн ноён, Дархан чин ван Пунцагцэрэн 1923 онд томилогдон ажиллаж байсан бол Борнуур сумын уугуул Сономпилын Бямбаа нь хамгийн залуудаа буюу 29 насандаа аймгийн даргаар ажиллаж байжээ. Харин Цэнджавын Жамсран нь хамгийн олон жил буюу 15 жилийн хугацаанд аймгийн даргаар ажилласан байна.  
- 1930-1931 онд Төв аймгийн даргаар ажиллаж байсан Жамсрангийн Самбуу нь БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн билээ. Тэрээр 50 шахам жил Монгол төрийн алтан жолоог чиглүүлж явсныг түүх бидэнд гэрчлэн үлдээсэн юм. Энэ онд Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ой тохиож, олон арга хэмжээг салбар бүрт тэмдэглэн өнгөрүүлж байна.
- 1942-1944 онд Төв аймгийн даргаар ажиллаж байсан Пунцагийн Лувсангомбо  нь аймгийн төвийг Зуунмодод нүүлгэх санаачилгыг гаргаж, шийдвэрлүүлснээр өнөөгийн Монгол Улсын хөгжлийн тулгуур төв Зуунмод хот үүссэн билээ.
- Мөн 1974-1985 оны хооронд Төв аймгийн даргаар ажиллаж байсан Човдоронгийн Дашдэмбэрэл нь Монгол Улсын  Ерөнхийлөгчийн Тамгын газрын анхны даргаар томилогдон ажиллаж, энэ хугацаанд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг болох ”Төрийн тамга”-ыг захиалан хийлгэж, Монгол улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатад ёсчлон залж байжээ.
- 1985-1991 оны хооронд Төв аймгийн даргаар ажиллаж байсан Жамбын Гомбожав нь Ардын Их хурлын депутат, Улсын Их Хурлын парламентын гишүүн, дэд даргын хариуцлагатай албыг хашиг байсан түүхтэй.
Энэ мэтчилэн аймгийн даргаар ажиллаж байсан төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн дундаас БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргаар 1, АИХ-ын даргаар 1, АИХ-ын депутатаар 4, Улсын Их хурлын дэд даргаар 1, УИХ-ын гишүүнээр 5 хүн сонгогдсон бөгөөд өнөө ч үйл хэргээ үргэлжлүүлж байна.
Төв аймгийн өнөөгийн хөгжил түүхийн хуудаст бичигдсэн эдгээр төрийн түшээдийн өөр, өөрийн онцлог бүхий арга барил, ур ухаан, алсын хараа, зорилго тэмүүлэл, ард иргэдийнхээ төлөө гэсэн чин шударга, сахилга бат, хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой билээ.
Төв сайхан нутгийн түүх, уламжлал, төрийн залгамж чанар мөнхөд оршиг.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ