Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2025-10-10
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар хэлэлцүүлэг болов

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын залуучуудын эвсэл төрийн бус байгууллагатай хамтран Европын холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл, салбар дундын уялдаа холбоо” сэдэвт үндэсний чуулганы “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн салбарын 35 хүртэлх насны төлөөлөл 120 гаруй залуу албан хаагчдыг хамруулсан тус хэлэлцүүлгийг Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар нээж үг хэлсэн үгэндээ: Тус хэлэлцүүүлгийн хүрээнд салбарын залуу албан хаагчдын дуу хоолойг сонсож, тэдэнд тулгамдаж буй асуудлыг бодитойгоор хэлэлцэн, шийдвэрлэх арга замыг залуучуудын өөрсдийн оролцоотой тодорхойлох онцгой ач холбогдолтой юм. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эерэг орчныг бүрдүүлэх, нийгмийн ухамсрыг төлөвшүүлэх үйлсийн тэргүүн эгнээнд ажиллаж буй залуучуудын хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, авлига, ашиг сонирхлоос ангид байхтай холбоотой асуудалд залуу алба хаагчдын мэдлэг, хандлага, оролцоо нь зөвхөн өөрийгөө хамгаалах төдий бус, нийт нийгмийнхээ аюулгүй байдлыг хангах, эрүүл, ухамсартай ирээдүйг бүтээхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулах учиртайг онцлов.

Салбар хэлэлцүүлгийн эхэнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Үржинсүрэн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Залуучуудын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн А.Балдорж, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан комиссар Д.Балдандорж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны ахлах мэргэжилтэн У.Дэлгэрхишиг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн чанарын менежер Д.Бархасболд нар илтгэл танилцуулж, мэдээлэл хүргэлээ.

Мөн хэлэлцүүлсэн илтгэлийн дагуу салбарын залуу албан хаагчид өөрсийн өмнө тулгамдаж буй асуудлаа дэвшүүлж, хэрхэн шийдвэрлэх арга замаа ярилцсанаас гадна өсвөр үе, залуучуудыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвийн хүрээнд хэлэлцүүлгийг өрнүүлэв. Салбарын залуучуудын дэвшүүлсэн асуудлуудаас дурдвал:

  • Ажлын байрны стрессийн түвшин, ажлын байран дахь сэтгэл зүйн бусад асуудал, нөхцөл байдлыг судлан үр дүнд суурилсан нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах;
  • Аливаа тайлан судалгаанд залуу албан хаагчдын эзлэх хувийг гаргах;
  • Хөдөө, орон нутагт шилжин ажиллаж буй залуучуудын гэр бүлд нийгмийн дэмжлэг, тусламж үзүүлэх тогтолцоог бий болгох;
  • Сонирхлын бүлгийн үйл ажиллагааг дэмжих;
  • Залуучуудын дунд мансууруулах бодисын хор уршгийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, сургалт, мэдээлэл, нөлөөллийн ажил, арга хэмжээг зохион байгуулах;
  • Залуучуудыг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хууль эрх зүй мэдлэгийг нэмэгдүүлэх, зөв хандлага төлөвшүүлэх чиглэлээр сургалт, мэдээлэл, нөлөөллийн ажил, арга хэмжээг тогтмол зохион байгуулах зэрэг саналууд зонхилж байв. 

“Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл, салбар дундын уялдаа холбоо” үндэсний чуулганы хүрээнд зохион байгуулагдсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар хэлэлцүүлгийг ийнхүү зохион байгуулсан нь залуучуудын оролцоог бодитоор хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхам болж буйг зохион байгуулагчид онцолж байна. Тус хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн “Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл, салбар дундын уялдаа холбоо” үндэсний чуулганаар хэлэлцэх юм.   

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ