
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзав.
Сайд Г.Дамдинням Европын холбоо нь Монгол Улсын гуравдагч хөрш, манай эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлоод салбар яамны зүгээс Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгааг тэмдэглэв.
Нэмэлт өөрчлөлт оруулснаар дэлхий нийтээр хэрэгцээ, шаардлага нь улам бүр өсөн нэмэгдэж буй чухал ашигт малтмалын талаар тодорхойлолтыг шинээр оруулах, хайгуулын зөвшөөрлийг зөвхөн тендерээр бус өргөдлөөр олгох, хайгуулын зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, аж үйлдвэр технологийн парк байгуулах ажлыг эрчимжүүлэх, энэ хүрээнд ашигт малтмалын боловсруулалт хийж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, компаниудыг бодлогоор дэмжиж ажиллах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх юм.
Элчин сайд Ина Марчюлёните Монгол Улсын эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, шийдвэрийн талаар тодорхой мэдээлэл өгсөнд талархал илэрхийлээд Монгол-Европын бизнес, хөрөнгө оруулалтын форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлээд форумын үеэр чухал ашигт малтмалын салбар хуралдаан зохион байгуулах, үүнд яам, холбогдох агентлаг, уул уурхайн компани, аж ахуйн нэгжээс төлөөлөл оролцохыг хүсэв.
Мөн Европын холбооны зүгээс Монгол Улстай чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.