
МАН-ын VIII Бага хуралдаан 9-р сарын 27, 28-нд МАН-ын бага хурлын гишүүдийг чөлөөлөх, сонгох, МАН-ын даргыг сонгох, МАН-ын даргын чөлөөлөгдөх хүсэлт, XXXI Их хурлын тов, оролцох гишүүдийг сонгох журмыг хэлэлцлээ.
Бага хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ “Бага хурлын гишүүнээс төрийн алба бусад шалтгаантай 49 гишүүнийг чөлөөлсөн. Дүрмийн дагуу МАН-ын шат шатны дарга нарыг бага хурлын гишүүнээр сонгодог жишгээр нөхөн сонгосон.
МАН-ын даргад Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарын бага хурлын гишүүд өрсөлдсөн. Санал тоолоход УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 56 хувь, Ерөнхий сайд Г.Занданшатар 44 хувийн санал тус тус авсан. Санал хураалт явуулахаас өмнө нэр дэвшигчдийн хэн нь ч гуравны хоёрын санал авч чадаагүй нөхцөлд дахин санал хураалт явуулах журмыг Бага хурлын гишүүд баталсан. Дахин санал хураалтаар Бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нийт 321 гишүүнээс 275 гишүүн буюу 85.7 хувийн санал авч, МАН-ын даргаар сонголоо.
МАН-ын Бага хурлын гишүүд Улс төрийн намын тухай хуулийг үндэслээд МАН-ын дүрмийг баталсан. Хуралдааны бүх үйл явц дүрэм журмын дагуу, хэлэлцэх асуудал тус бүрийг бага хурлын гишүүдээрээ шийдвэрлэсэн учраас Дээд шүүхэд маргаан гарахгүй гэж Бага хурлын тооллогын комисс үзэж байна.
МАН-ын XXXI Их хурлыг 11 дүгээр сарын 15,16-ны өдөр хуралдах товыг зарласан. Их хуралд нийт 2255 гишүүн оролцох аж.