
УИХ-ын гишүүн Ч.Номин Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар ажиллаж байхдаа нөхөр Г.Бат-Эрдэнийхээ Удирдах зөвлөлд нь ажилладаг “Монголын электрон спортын холбоо”-той 60 сая төгрөгийн санхүүжилт олгох гэрээ байгуулах тушаал гаргасан байна.
УИХ-ын гишүүн Ч.Номин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар ажиллаж байхдаа Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх тухай А/82 дугаар тушаалыг гаргасан байна. Уг тушаалд Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын 26 холбоо нь нийт 314 орон тооны хязгаартай байхаар тусгаж, хавсралтаар санхүүжилтийг баталжээ.

Энэ тушаалд багтсан “Монголын электрон спортын хороо” НҮТББ-ын байгууллагатай 60 сая төгрөгийн гэрээг байгуулсан байна. Тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр одоогийн УИХ-ын гишүүн Ч.Номингийн нөхөр Г.Бат-Эрдэнэ ажилладаг байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Ч.Номин Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар ажиллаж байхдаа нөхөр Г.Бат-Эрдэнийхээ Удирдах зөвлөлд нь ажилладаг “Монголын электрон спортын холбоо”-той гэрээ байгуулж, 60 сая төгрөгийн санхүүжилт олгохоор 2025 оны 03 дугаар сарын 18 нд А/82 дугаар тушаалыг гаргасан байна. Энэхүү салбарын сайдын тушаалыг үндэслэн Биеийн тамир спортын улсын хороо “Монголын электрон спортын холбоотой гэрээ байгуулжээ.

Энэ гэрээний хавсаралтад Гэрээнд, аравдугаар сарын 1-14-ний хооронд болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цугларалтад 40 сая төгрөг, арванхоёрдугаар сарын 3-13-ны хооронд болох Дэлхийн электрон спортын наадмын цугларалт 20 сая төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлнэ хэмээн тусгасан байна
Одоогийн ССАЖЗ-ийн сайд Ч.Ундрам “MongolZ багийг үүсгэн байгуулсан холбооных нь Удирдах зөвлөлд төрийн өндөр албан тушаал эрхэлж байгаа хүний гэр бүлийн хүн байдаг. Үүнийг улс төрдөө ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн гэж сонссон" гэж өчигдөр /2025.09.18/ мэдээлсэн.
Салбарын сайдын мэдээлэлд MongolZ багийн зүгээс цахим хуудасандаа "Бид татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, авахгүй. Манай арын албанд улс төртэй холбоотой хүн ажилладаггүй, ажиллахгүй. Бид ямар нэг холбоонд харьяалагддаггүй, үйл ажиллагаагаа бие даан явуулдаг, харьяалагдахгүй" хэмээн тайлбар өгсөн юм.