Жилийн эдгээр өдрүүдэд түрээсийн байртай холбоотой залилах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байдаг. Гэмт этгээдүүд бусдын үл хөдлөх хөрөнгийг түрээслэн, хуурамч өмчлөх эрхийн гэрчилгээ бүрдүүлж, олон иргэдтэй давхар түрээсийн гэрээ байгуулан иргэдийг хохироох гэмт хэрэг бүртгэгдэж байна.
Иргэдийн итгэлийг олохын тулд гэмт этгээдүүд нь зарын сайт болон нийгмийн сүлжээ (жишээлбэл, Facebook) ашиглан хямд үнэ, таатай орчин санал болгож, яаралтай шийдвэр гаргахыг шаардан залилдаг байна.
Тухайлбал залилан мэхлэгчдийн нийтлэг хэрэглэдэг үг, үйлдлүүд:
“Энэ байрыг олон хүн сонирхож байгаа.”
• “Түрүүлж урьдчилгаа эсвэл түрээсийн төлбөрөө шилжүүлэх хэрэгтэй.”
• “Яг одоо нэг хүн мөнгөө шилжүүлэх гэж байна.”
• “Таалагдахгүй бол өөр байр хай.” гэх мэт.
Байр түрээслэх гэж буй иргэд дараах зүйлсийг анхаарна уу:
Байрны улсын бүртгэлийн гэрчилгээ, өмчлөгчийн лавлагааг E-Mongolia цахим платформоор нягтлан шалгах.
Гэрчилгээ нь жинхэнэ эсэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим системээр шалгах;
Эзэмшигчийн иргэний үнэмлэхийг бүртгэлийн мэдээлэлтэй тулгах;
Түрүүлж урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байх;
Иргэн та түрээсийн байр хайж байгаа бол болгоомжтой хандаж, баталгаагүй мэдээлэлд хууртахгүй байхыг анхаарна уу.