Бусдыг хэрцгийгээр зодож гэмтээсэн холимог тулаанч Г.Чинзоригийг цагдан хорьж шалгаж байна. ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, Цагдаагийн хошууч, С.Баярбилэг "06 дугаар сарын 26-ны өдөр олон нийтийн сүлжээнд машин дээрээ гарч бие засаж байгаа, мөн бусдыг онц хэрцгийгээр зодож байгаа бичлэгүүд нийтлэгдсэн. Энэ асуудлыг харьяа дүүргийн цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа хийгдэж байна. Одоогоор тухайн гэмт хэрэгт холбогдсон этгээдийг шүүхийн зөвшөөрлөөр 48 цагийн хугацаагаар баривчилсан. Үргэлжлүүлэн хорих саналыг цагдаагийн байгууллагаас прокурорт гаргаад ажиллаж байна. Хохирогчийн хувьд эмнэлгийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авч байна. Машин дээр бие зассан асуудлыг энэ хэргээс тусад нь буюу Зөрчлийн хэргээр шалгаад явж байна.