Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2025-06-20
Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцав

Нийслэлийн замын хөдөлгөөнийг AI буюу хиймэл оюун ухаан ашиглан бүрэн хянах ажил туршилтын шатандаа явж байна.

Уг туршилтыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хийж байгаа бөгөөд НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр танилцлаа.

Туршилт он дуустал үргэлжлэх бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхлэх юм. Ингэхдээ замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар эгнээ байраа буруу эзлэн давхар эргэх, цагаан зураас давж зогсох, явганы хүний гарц дээр зогсох, тэмдэг тэмдэглэгээгүй газраар дүрэм зөрчиж эргэх, нэгдүгээр эгнээгээр зорчих зэрэг замын хөдөлгөөнтэй холбоотой бүхий л зөрчлийг хяналтын камеруудын тусламжтайгаар AI технологи ашиглан илрүүлнэ. Улмаар зөрчил гаргасан жолооч нарын утасны дугаарт зөрчлийн мэдээллийг холбогдох дүрстэй нь илгээх байна.

Одоогоор дүрэм зөрчсөн жолооч нарын утасны дугаарт зөрчлийн мэдээлэл илгээх туршилтын ажил үргэлжилж байна. Мөн туршилтын хугацаанд тест хийж, гарсан алдааг сайжруулаад явна гэдгийг Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын дарга захирал Ч.Хувьзаяа онцоллоо. Харин Тээврийн цагдаагийн албаны дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Галбадрах зөрчил гаргасан жолооч нарын дугаарт линк илгээхдээ зөрчлийн бичлэгийг хамт илгээх нь зүйтэй, тухайн жолооч зөрчил гаргасан эсэхээ өөрөө хянах боломжтой болгох нь зөв гэдгийг хэллээ.

Түүнчлэн НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр “Томоохон уулзваруудад 7-р сарын 1-нээс эхлүүлж үзээд, жолооч нарт торгууль ногдуулахгүйгээр дээрх уулзваруудад ихэвчлэн ямар зөрчил гарч байна, хэрхэн шийдэж болох, ямар тэмдэг, тэмдэглэгээ дутуу байна зэргийг харах хэрэгтэй. Хамгийн гол нь жолооч нарыг мэдээллээр хангах чухал. Технологийн алдаанаас болж жолооч нар торгууль төлж, мөнгөөрөө хохирох ёсгүй. Эцсийн дүндээ бид нийслэлийн замын хөдөлгөөний зөрчлийг технологийн дэвшил ашиглан багасгаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх л зорилготой болохоос хэн нэгний торгууль, зөрчлийг нэмэгдүүлж дарамт болох учиргүй” гэлээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин
[669]
Ухаалаг төхөөрөмж тавьсан уулзвар гарц дээрээ тоолууртой дохио тавимаар байна. Тэгэхгүй бол жолооч нар ногоон гэрлээр амжиж гарах гээд гэнэт дохио солигдоход камерт бичигдэж торгуулах эрсдэл өндөртэй санагдлаа. Бас цагдаа зохицуулж буй үед хэрхэн мэдэрч байгаа юм бол?
Шинэ мэдээ