Өнгөрөгч долоо хоногт МУ -ын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрт нь итгэл хүлээлгэх эсэх тогтоолын төслийг УИХ-д хүргүүлсэн. Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулган хуралдаж уг тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэнэ. Ингэснээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэн ажиллах уу, эсвэл шинэ Засгийн газар байгуулах уу гэдгийг 126 гишүүн шийдвэрлэх юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлд:
44.1. "Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ".
44.2. "Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно" гэж тус тус заасан байдаг.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд илгээсэн тогтоолын төсөлд;
Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, 102.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Хурдтай хөгжлийн төлөөх зориг" уриан доор хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Үндэсний баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хучний салбарын реформ, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлж, бодит үр дүнг бататгах, цаашид дэвшүүлсэн бодлого, зорилтоо хамтын хариуцлагын зарчимд тулгуурлан тогтвортой хэрэгжүүлэх шаардлагыг харгалзан хамтарсан Засгийн газрын бодлогыг дэмжиж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхээ тогтсугай.
Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй гэсэн байдаг.


