Барга угсаатны уламжлалт соёл, урлаг, ёс заншил, ахуй зан үйлийг олон түмэнд таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий “Баргажин-2025” олон улсын наадмыг зохион байгуулах ажлын хэсгийг Төв аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан.
Ажлын хэсэг хуралдаж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар хэлэлцсэнээс гадна “Барга судлалын холбоо” ТББ-ын тэргүүн Д.Мөнхтөмөр оролцож мэдээлэл өглөө.
"Баргажин-2025" наадмыг наймдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Зуунмод суманд зохион байгуулах бөгөөд наадмын хүрээнд үндсэн брэндбүүк гаргах, ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэн, Чингис хааны Үндэсний музей, аймгийн музей хамтран “Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны түүх соёл” эрдэм шинжилгээний хурал, барга угсаатны эд зүйлийн үзэсгэлэн, хувцас загварын уралдаан, барга ардын дуу хөгжмийн улсын уралдаан, бөхийн барилдаан, сурын “Түнх” харваа зэрэг арга хэмжээг төлөвлөн ажиллаж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Дорнод, Төв, Хэнтий, Булган, Завхан аймаг болон Улаанбаатар хотод баргууд олноор оршин суудаг ба манай аймгийн хувьд Баян, Баянцагаан, Сэргэлэн , Зуунмод суманд барга угсаатан харьцангуй олон тоотой оршин сууж байна.
Баргажин наадмыг анх 2007 онд Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд зохион байгуулж байсан бөгөөд удаах наадмыг 2011 онд Дорнод аймгийн Гурванзагал суманд, гутгаар наадмыг 2015 онд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хот, 2018 онд Дорнод аймгийн Чойбалсан хот, 2022 онд Хөлөнбуйр суманд зохион байгуулж байжээ. Тус наадам 3 жилд нэг удаа болдог.
“Баргажин-2025” олон улсын наадмын талаар ажлын хэсгийн ахлагч бөгөөд аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр , "Барга судлалын холбоо" ТББ-ын тэргүүн Д.Мөнхтөмөр нараас тодрууллаа.