Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан 14 мега төслийн явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа.
Хамтарсан Засгийн газар мега төслүүдээ эрэмбэлж, нэгдсэн ойлголтод хүрэх талаар хүчин чармайлт гаргаж ажилласны үр дүнд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулж, Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг урагшлуулан, Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн нэмэлт зээлийн гэрээг баталгаажуулан, Монгол-Францын хамтарсан ураны төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж эхнээсээ үр д үнд хүрч байгааг Тэргүүн Шадар сайд онцоллоо.
Төслүүдийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл болон салбараар ангилан авч үзвэл "Экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх", "Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх" , "Эрчим хүчний нийлүүлэлт нэмэгдүүлэх", "Нийгмийн дэд бүтцийг сайжруулах" гэсэн үндсэн дөрвөн ангилалд хуваасан.
Экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүд хэрэгжсэнээр:
- Экспортын орлогыг хоёр дахин
- Тээврийн зардал 50 хувиар буурч,
- Евро-Азийг холбосон шинэ гарц бий болно.
Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төслүүд хэрэгжсэнээр:
- Ган, төмөрлөгийн үйлдвэрлэлийн суурь түүхий эд, стратегийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл бий болж,
- Шатахууны дотоодын хэрэгцээний 50-60 хувийг хангаж,
- Нефть-химийн шинэ салбар, технологийн дэвшил бий болох боломжтой болно.
Эрчим хүчний нийлүүлэлт нэмэгдүүлэх төслүүд хэрэгжсэнээр:
- Уул уурхайн бүсийн эрчим хүчний хангамж тогтворжиж,
- Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд горимын тохируулгын эх үүсвэр бий болж,
- Жил бүр 45-50 сая долларын импортын төлбөр хэмнэж, хямд үнэ бүхий цэвэр эрчим хүчээр хэрэглэгчдийг хангах боломж бүрдэнэ.
Одоогоор хэрэгжиж эхэлсэн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал тэр дундаа Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төсөл, Газрын тос боловсруулах цогцолбор, Ураны төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Нүүрс хими-Кокс химийн цогцолбор төслийн Хөх нүүрсний үйлдвэр зэрэг таван төсөл байна.