ГССҮТ-ийн Нийгмийн эрүүл мэнд, статистик тандалтын албанаас хоёр жил тутамд “Монгол Улсад бүртгэгдсэн осол гэмтэл, гаднын шалтгаант өвчлөл, нас баралтын байдал” сэдвээр тархвар зүйн судалгаа хийж ирсэн бөгөөд энэ онд тав дахь удаагийн судалгаа болох “Монгол Улсын осол гэмтлийн тандалтын тогтолцоо 10 жилд” тайлангийн үр дүнг танилцуулах өдөрлөгийг Эрүүл мэндийн яаманд зохион байгууллаа.
Тус тайланд 2016-2025 оны осол гэмтлийн тандалтын мэдээллийг нэгтгэн, осол гэмтлийн шалтгаант өвчлөл, нас баралтын түвшин, цаг хугацааны өөрчлөлт, хүн ам зүйн онцлог, газарзүйн тархалт болон тэргүүлэх шалтгаануудыг судалж, дүн шинжилгээ хийсэн юм.
Судалгааны үр дүн нь осол гэмтлийн өнөөгийн нөхцөл байдал, урт хугацааны чиг хандлагыг тодорхойлохын зэрэгцээ цаашид осол гэмтлээс урьдчилан сэргийлэх бодлого, хөтөлбөр, арга хэмжээг шинжлэх ухааны нотолгоонд тулгуурлан төлөвлөх, хэрэгжүүлэхэд ашиглах мэдээллийн чухал эх сурвалж болж байна.
Осол гэмтлийн тандалтын мэдээлэлд тулгуурласан урт хугацааны дүн шинжилгээ нь өвчлөл, нас баралтын чиг хандлагыг тодорхойлох, өндөр эрсдэлтэй хүн амын бүлгийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тэргүүлэх чиглэлийг тогтоох, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.