Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2026-11-19
Бэлчээрийн доройтлыг бууруулахад мал аж ахуйн бүтээмжийг нэмэгдүүлэх боломжийг хэлэлцлээ

Бэлчээрийн доройтлыг бууруулах, экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх зорилтыг мал аж ахуйн бүтээмж, малчдын орлогыг нэмэгдүүлэх бодлоготой уялдуулах асуудлаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Pristine Agriculture Group-ийн төлөөлөгч Чарльзтай уулзаж, хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцлаа.

Тус байгууллага БНХАУ-д 16 жилийн хугацаанд хуримтлуулсан туршлагаа танилцуулж, өндөр ашиг шимтэй, орон нутгийн нөхцөлд дасан зохицсон сүүний чиглэлийн үхрийн аж ахуйг хөгжүүлэх боломжийн талаар мэдээлэл өглөө. 

Тухайлбал нэг үнээний саалийн хугацааны сүүний гарц Монголын дундаж 2,000 литртэй харьцуулахад 5,600 литрт хүрсэн туршлага байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хувьд бэлчээрийн доройтлыг бууруулах, газрын доройтлыг сааруулах, экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх нь чухал зорилт юм. 

Үүнийг хэрэгжүүлэхэд малын тоо толгойг бэлчээрийн даацад нийцүүлэхийн зэрэгцээ нэг малаас хүртэх ашиг шим, малчдын орлогыг нэмэгдүүлэх эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх нь чухал ач холбогдолтой.

Уулзалтаар Монгол орны нөхцөлд туршилтын төсөл хэрэгжүүлэх боломжийг судлах, мал аж ахуйн бүтээмжийн өсөлт бэлчээрийн ачаалал, ургамлын бүрхэвч, газрын доройтолд хэрхэн нөлөөлөхийг бодит үзүүлэлтээр үнэлэх талаар ярилцлаа.

Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мал аж ахуйн үйлдвэрлэл, үржил селекц, ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлийн бодлогыг манай яамны бэлчээрийн доройтлыг бууруулах, экосистемийг нөхөн сэргээх зорилттой уялдуулах боломжийг авч үзэв.

Малчдын орлогыг нэмэгдүүлэх, бэлчээрийн ачааллыг бууруулах, байгаль орчноо хамгаалах зорилтуудыг харилцан уялдаатай хэрэгжүүлэх нь зорьж буй үр дүн юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ