Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масару Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх “Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн хэвтэн эмчлүүлэх байрны засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Төслийн хүрээнд нийт 572.8 сая төгрөгийн санхүүжилтээр тус төвийн хэвтэн эмчлүүлэх байрны дээвэр, гадна хана, хаалга, цонх, шал болон дотоод засварын ажлыг гүйцэтгэнэ.
Засварын ажил дууссанаар Хутаг-Өндөр сум болон ойр орчмын бүс нутгийн 15 мянга орчим иргэн эрүүл ахуйн шаардлага хангасан, дулаан, аюулгүй орчинд хэвтэн эмчлүүлэх боломж бүрдэхийн зэрэгцээ эмнэлгийн ажилтнуудын ажиллах орчин нөхцөл сайжирч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарт эерэг нөлөө үзүүлэх юм.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос хойш “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэхүү төсөл нь Монгол Улсад хэрэгжиж буй 635 дахь, Булган аймагт хэрэгжих 20 дахь төсөл болж байна.
Ийнхүү Хутаг-Өндөр суманд олон улсын хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын дэд бүтэц, үйлчилгээний орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн бодитой хөрөнгө оруулалт хийгдэхээр боллоо.