Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
6 цаг 25 мин
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг нар Дорнод аймгийн Халхгол суманд ажиллаж, Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох албаныханд чиглэл өглөө.

2026 оны аравдугаар сарын 8-ны өдөр гарсан түймэр нийт 528,765.5 га талбайг хамарснаас Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га талбай буюу тусгай хамгаалалттай газар нутгийн нийт талбайн 79.8 хувь нь түймэрт өртсөн гэх урьдчилсан мэдээлэл байна.

Нөмрөгийн дархан цаазат газар нь байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдал, биологийн олон янз байдлыг хамгаалах онцгой ач холбогдолтой.

Иймд түймрийн хохирлыг зөвхөн шатсан талбайн хэмжээгээр хязгаарлахгүйгээр хөрс, ус, ургамал, амьтан, ховор болон нэн ховор ургамлын амьдрах орчин, экосистемийн үйл ажиллагаанд үзүүлсэн нөлөөлөл, урт хугацааны экологийн үр дагаврыг цогцоор нь судалж, үнэлэх шаардлагатай юм.

Энэ хүрээнд Халхгол сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ажиллуулах мэргэжлийн баг хамтран ажиллаж, хохирлын үнэлгээг шинжлэх ухааны үндэслэлтэй, бодитой гаргахад анхаарч ажиллахыг сайд Ц.Сандаг-Очир чиглэл болголоо.

Хохирлын үнэлгээг хийхдээ хиймэл дагуулын зураглал, газар дээрх хэмжилт, судалгаа, лабораторийн шинжилгээ болон холбогдох нотлох баримтад үндэслэн, хууль тогтоомжид заасан аргачлалын дагуу гүйцэтгэнэ.

Мөн мэргэжлийн баг орон нутгийн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, үнэлгээний ажлыг уялдуулан зохион байгуулах юм.

Үнэлгээний хүрээнд түймрийн улмаас учирсан экологийн болон эд хөрөнгийн хохирол, түймэртэй тэмцэхэд гарсан зардал, экосистемийн нөхөн сэргэх боломж, шаардлагатай хамгаалалт, нөхөн сэргээлтийн арга хэмжээг тодорхойлно.

Үүний үндсэн дээр Нөмрөгийн дархан цаазат газрын экосистемийг хамгаалах, байгалийн нөхөн сэргэх явцыг дэмжих, шаардлагатай тохиолдолд нөхөн сэргээлт хийх, цаашид түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх үндэслэл бүхий дүгнэлт гаргах юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ