
Төв аймагт “Эх оронч Монгол” сургалт, өдөрлөг үргэлжилж байна.
Сургалт, өдөрлөгийн үеэр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут батлан хамгаалах салбарт хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагааны талаар иргэд, алба хаагчдад мэдээлэл өглөө.
Тэрбээр Монгол Улсын Зэвсэгт хүчний боловсон хүчнийг дотооддоо бэлтгэхийн зэрэгцээ дэлхийн 11 улсад 500 орчим цэргийн алба хаагчийг сургаж, мэргэшүүлж байгааг онцоллоо.
Тухайлбал, 2026–2027 оны хичээлийн жилд ОХУ, БНХАУ, БНЭУ, БНСВУ, БНТУ, БНСУ-ын цэргийн сургуулиудад 100 гаруй цэргийн алба хаагчийг суралцуулахаар сонгон шалгаруулж, үдэн мордуулаад байна.
Эдгээр алба хаагчийг нисгэгчгүй нисэх хэрэгсэл, хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдал зэрэг орчин үеийн Зэвсэгт хүчний хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжлээр бэлтгэж байгаа юм.
Мөн гадаадын цэргийн сургуулиудад суралцахаар сонгогдсон алба хаагчдын гурав нь Төв аймгийн харьяат болохыг сайд Д.Батлут онцлон танилцууллаа.
“Эх оронч Монгол” сургалт, өдөрлөгийн хүрээнд батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах уулзалт, Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт багийн эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, Батлан хамгаалахын төв архивын лавлагаа үйлчилгээ, зэвсэглэл, цэргийн техникийн үзэсгэлэн, эх оронч хүмүүжил, Монгол цэргийн түүхийг сурталчлан таниулах зэрэг олон талт арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Тус арга хэмжээнд Төв аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, Засаг дарга Л.Төмөрчөдөр, ЗХЖШ-ын Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Ч.Цогтжаргал болон орон нутгийн удирдлагууд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, орон нутаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, алба хаагчид, Төв аймгийн иргэд оролцож байна.
