Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2026-10-02
Сэлэнгэ аймгийн “Зүүнхараа” политехник коллежид “Мал зүйн техникч” мэргэжлийн хөтөлбөрийг нээлээ

Европын Холбоо болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын хамтарсан санхүүжилттэй STREAM+ төслийн дэмжлэгээр Сэлэнгэ аймгийн “Зүүнхараа” политехник коллежид шинээр хэрэгжүүлж буй “Мал зүйн техникч” мэргэжлийн хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир оролцож, үг хэллээ.

Тус хөтөлбөрийг орчин үеийн сургалтын орчинд хосмог хэлбэрээр хэрэгжүүлснээр суралцагчид онолын мэдлэгээ үйлдвэрлэлийн дадлагатай хослуулан эзэмшиж, хөдөө аж ахуйн салбарт ажиллахад шаардлагатай практик ур чадвараа хөгжүүлэх боломж бүрдэж байна.

Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир хөдөө аж ахуй нь Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбаруудын нэг болохыг онцолж, залуу, ур чадвартай ажиллах хүчнийг бэлтгэх, салбарт тогтвортой ажиллуулахад хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд нийцсэн сургалт чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

Өнгөрсөн онд мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагыг төгссөн 20,576 суралцагчийн 1,540 нь хөдөө аж ахуй, ойн аж ахуйн чиглэлээр төгссөн байна. Мөн Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилтийг дэмжих, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хосмог сургалтыг өргөжүүлэхэд STREAM+ төсөл хувь нэмэр оруулж буйг онцлов.

Мэргэжлийн боловсрол, сургалтыг тууштай дэмжиж ирсэн Европын Холбоо, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар болон хөгжлийн түншүүдэд талархал илэрхийлж, шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлж буй коллежийн хамт олон болон төслийн багт баяр хүргэлээ.

“Мал зүйн техникч” мэргэжлийн хөтөлбөр нь хөдөө аж ахуйн салбарын хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, суралцагчдын хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ