2026 оны 9 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд БНХАУ-ын Ниншя мужийн Иньчуань хотноо Хятадын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Импорт, Экспортын Худалдааны Танхим (CFNA) болон Монголын Ноос Ноолуурын Холбоо хамтран Монгол–Хятадын ноолуурын салбарын “Cashmere forum” -ыг зохион байгууллаа.
Арга хэмжээг зохион байгуулахад Xinao Group хамтран ажиллаж, Монгол, Хятадын ноолуурын салбарын төлөөллөөс гадна Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Франц Улс зэрэг улсын салбарын төлөөлөгчид оролцож, олон улсын ноолуурын зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.
Монголын талаас төр, мэргэжлийн байгууллага болон аж ахуйн нэгжүүдийн нийт 18 байгууллагын 29 төлөөлөгчид оролцов.
Уулзалтын үндсэн арга хэмжээний үеэр ХХААХҮЯ-ны Хөнгөн Үйлдвэрийн Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах Газрын ахлах шинжээч Б.Эрхэмбаяр нээлтийн үг хэлж, “Сор Кашмер” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Бархасбадь “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилт болон Монголын ноолуурын салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар илтгэл тавилаа.
Хөтөлбөрийн хүрээнд Монголын төлөөлөгчид Ниншя муж дахь ноолуурын үйлдвэрүүд, тэр дундаа Xinao Group-ийн үйлдвэртэй танилцаж, улмаар Пүюань хотын ноолуурын үйлдвэрлэл, худалдааны төвүүдээр зочилсоны дараагаар Монгол, Хятад, Орос, БНСУ-ын бизнесийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, салбарын хамтын ажиллагааны цаашдын чиглэлийн талаар хэлэлцэв.
Хэлэлцүүлгийн үр дүнд Монгол, Хятадын ноолуурын салбарын стандарт, баталгаажуулалтын тогтолцоог уялдуулах, хоёр улсын лабораторийн шинжилгээний аргачлалын ялгааг бууруулах, цаашлаад үйлдвэрлэгч, нийлүүлэгч, худалдан авагчдыг холбосон нээлттэй олон улсын худалдааны платформ хөгжүүлэх, 2027 онд 2 улсын хоорондох ноолуурын хамтын ажиллагааг хөгжүүлж “Cashmere forum” -ыг Монголд зохион байгуулж хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ.
Энэхүү уулзалт нь Монгол, Хятадын ноолуурын салбарын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн харилцаа холбоог өргөжүүлэх, үйлдвэрлэл, стандарт, баталгаажуулалт болон худалдааны чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг тодорхойлсон ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө.