
АНУ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг ирэх арванхоёрдугаар сард Майами хотноо болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохыг урьсан талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдээлжээ.
Кремлийн зүгээс урилгыг авч үзэж байгаагаа мэдэгдсэн байна.
Марко Рубио Нью-Йорк хотноо сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө санал зөрөлдөөнтэй талууд ч асуудлыг шийдвэрлэхийн тулд уулзах шаардлагатайг онцолж, Владимир Путин “Их 20”-ийн уулзалтад оролцвол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп төдийгүй бусад улсын удирдагчидтай хэлэлцээ хийх боломж бүрдэнэ гэжээ.
Рубио мөн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр уулзсаны дараа дээрх мэдээллийг өгсөн байна.
Талууд Украины дайныг зогсоох дипломат боломж болон хязгаарлагдмал гал зогсоох саналын талаар байр сууриа солилцжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Москва урилгыг авч үзнэ гэж мэдэгдсэн ч Владимир Путин өөрөө уулзалтад оролцох эсэхийг одоогоор батлаагүй байна.
АНУ 2026 онд “Их 20”-ийг даргалж байгаа бөгөөд удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг арванхоёрдугаар сард Майамид зохион байгуулахаар төлөвлөжээ.