
Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 37, 50 дугаар сургуулийн сайн загвараар улсын хэмжээнд 14 сургуульд шүдний төсөл хэрэгжиж эхэллээ.
Жайка олон улсын байгууллагын санхүүжилтээр Япон Улсын Эрүүл хотуудыг дэмжигч байгууллагатай хамтран Чингэлтэй дүүрэг “Загвар сургууль дээр шүдний үзлэг хийх тогтолцоог нэвтрүүлэх” төслийг дүүргийн Ерөнхий боловсролын 37, 50 дугаар сургуульд 2022-2025 онд хэрэгжүүлсэн юм.
Шүдний үзлэгийн тогтолцоог загвар хоёр сургууль дээр бий болгох, шүдний цоорлоос сэргийлэх төсөл Чингэлтэй дүүрэгт амжилттай хэрэгжиж, уг загвараар улсын хэмжээнд 14 сургуульд шүдний төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
Тодруулбал, Япон Улсын Эрүүл хотуудыг дэмжигч байгууллага, Олон улсын Эрүүл хотуудын холбооны Монгол дахь сүлжээнээс Улаанбаатар хот болон орон нутгаас сонгогдсон төрийн өмчийн 14 сургуулийн сурагчдад зориулсан сургуулийн шүдний үзлэг болон шүд цоорлоос урьдчилан сэргийлэх фторжуулсан ам зайлах уусмалын хэрэглээг нэвтрүүлэх төсөлд Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 39 дүгээр сургууль шинээр хамрагдаж байна.
Төслийн хүрээнд Япон Улсын Эрүүл хотуудыг дэмжигч байгууллагын Удирдах зөвлөлийн дарга, Төслийн менежер Мицүюки Чиба тэргүүтэй төслийн багийн төлөөллийг өнөөдөр Чингэлтэй дүүрэгт хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтад Засаг даргын орлогч Н.Бямбагэрэл, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Б.Нацагдорж, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Ерөнхий боловсролын 39 дүгээр сургуулийн захирал И.Бямба нар оролцлоо.