Цаг агаар
Валютын ханш
Эдийн засаг
2026-09-21
Говьд ургасан тарвас, малчдад нээгдсэн боломж

Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчид өөрсдөө ч хөгжиж, орон нутгаа ч хөгжүүлэх арга барилаа гартаа авчээ. Малчин Ш.Ганбат л гэхэд Ханбогдын Гурван талт хэлэлцээрийн хүрээнд, “Эергийн ундарга” хоршооны хэрэгжүүлсэн төсөлд хамрагдаж, орлогын эх үүсвэрээ зөвхөн мал аж ахуй бус, газар тариалангаар тэлжээ. Тэрбээр жилдээ 3-4 тонн тарвас хурааж, “Оюу толгой” компанийн кэмпэд нийлүүлж, олсон орлогоороо түлш түлээгээ бэлдээд зогсохгүй үхэр, тэмээ худалдан авч мал сүргээ арвижуулсан тухайгаа ярьж сууна. Анх 2018 онд ногоо тарихаар төлөвлөж, Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн дэмжлэгээр 2019 онд гүний худаг гаргуулж авсан аж. Дараа жил нь нэг га талбайд ногоо тариалсан нь амжилттай болж, сургалтын үеэр байгуулагдсан хоршоонд нэгдсэнээр борлуулалтын сувагтай ч болоод авчээ.

Ийнхүү өрхийн санаачилгаас эхэлсэн ажил хамтын зохион байгуулалтын үр дүнд мэдлэг болон шингэж, зах зээлийн ач тусаа малчдад өгч байна.

Ханбогдод тарвас тариалж, ноосоор бордоо үйлдвэрлэх болов

2026 оны нэгдүгээр сарын 6. Ингэний сүүг цахилгаан саалтуураар бэлтгэх төсөл албан ёсоор эхэлж, 15 малчин өрх тоног төхөөрөмжөө хүлээн авав. Нийт 56 өрх энэ төсөлд хамрагдах нь.

2026 оны гуравдугаар сарын 19. Ноосон бордоо бэлтгэх төсөл албажив. Нийт 2.4 тэрбум төгрөгийн санхүүжилттэй энэхүү төсөл нь малчдын оролцоонд тулгуурлан ноосыг эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингэсэн, байгальд ээлтэй бордоо үйлдвэрлэхэд чиглэж, үр дүнд нь орон нутгийн малчдын түүхий эдийн үнэ цэн өсөж, тогтвортой орлогын шинэ эх үүсвэр бүрдэх ач холбогдолтой.

 2026 оны дөрөвдүгээр сарын 15. Мал төхөөрөх, мах бэлтгэх үйлдвэрийн шав тавив. 18.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий энэ төсөл 2027 онд дуусна. Үйлдвэр ашиглалтад орсноор орон нутагт хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын стандартад нийцсэн, орчин үеийн техник технологид суурилсан мал төхөөрөх, мах бэлтгэх, хадгалах жишиг үйлдвэр бий болж, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд чухал дэмжлэг болно гэж төсөл хэрэгжүүлэгч талууд үзэж байна.

Эдгээр төслийн санхүүжилтийг “Оюу толгой” компани бүрэн хариуцаж байгаа бол малчдын хамтран байгуулсан дундын хоршоод хэрэгжилтийг хариуцаж буй юм.

Ханбогд сумын Гурван талт зөвлөл байгуулагдсаны гүр шимээр 2026 онд л гэхэд ийм чухал төслүүд хэрэгжиж эхэлсэн. Малчдын санаачилгаас төсөл болтлоо хөгжиж буй дээрх ажлуудын бүхий л үе шатанд малчид олон талаар чадавхжин ур чадвар эзэмшиж, амьдралаа дээшлүүлсээр байгаа нь хамгийн олзуурхууштай.

Өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн зарим төслийн үр дүнгээс дурдвал, оёдлын сургалтад хамрагдсан 12 малчин эмэгтэй орлогын нэмэлт эх үүсвэртэй болохоор нэгдэж, 2017 онд “Говь хан уран” хэмээх компаниа байгуулжээ. “Оюу толгой” компани санхүүжилт олгосны зэрэгцээ бизнесийн зөвлөхүүд, боломжит худалдан авагчидтай холбоход дэмжлэг үзүүлснээр 2018 онд уурхайн хөдөлмөр хамгааллын хувцас, баяжмалын дээжийн уут нийлүүлэх гэрээ байгуулж, тогтмол захиалгатай аж ахуйн нэгж болж чаджээ. Тус компани 2023 оны байдлаар л гэхэд дөрвөн ажилтан, 15 тоног төхөөрөмжтэй болон өргөжиж, үйлдвэрлэлээ тогтвортой явуулах болов.

Мөн 2019 онд 13 өрх нэгдэн байгуулсан “Гавилууд шилмэл сүрэг” хоршоо махны чиглэлийн хонь өсгөхийн зэрэгцээ хонины арьс, нэхий боловсруулах цехийн барилга барьж, тоног төхөөрөмж суурилуулсан байна. Гишүүд нь тэжээл тариалах, дарш бэлтгэх, ноосны чанар сайжруулах, цахилгаан хайчаар хонь хяргах болон хоршооны чадавхыг бэхжүүлэх чиглэлийн таван удаагийн сургалт, арга хэмжээнд хамрагдаж, мал өсгөх өдөр тутмын ажлаа түүхий эд боловсруулах боломж болгон хувиргаж, мэргэжлийн ур чадвар ч эзэмшжээ.

Үйлдвэрлэгч болсон малчид зах зээлээ тэлэхээр төлөвлөж байна

Ханбогдын төслүүд өөр өөр шатанд ийнхүү хэрэгжиж, үр шимээ өгсөөр байна. Нэг өрх ургацаа борлуулж орлого олж байгаа бол 50 гаруй өрх саалтуурын тусламжтайгаар ариун цэвэр, чанарын шаардлага хангасан нөхцөлд сүүний гарцаа нэмэгдүүлэн, хөдөлмөрийн ачааллаа бууруулж байна. Ноосон бордооны төсөл гэрээтэй болж, махны үйлдвэрийн шав тавигдсан. Дөчин малчин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн сөнөд, Баруун сөнөд, Авга хошуудаар туршлага судалж, мал аж ахуйн өрхийн үйлдвэрлэлтэй биечлэн танилцаад иржээ.

Энэ мэтчилэн уул уурхайн нөлөөлөлд өртсөн малчдын гаргасан гомдолд үндэслэсэн орон нутгийн засаг захиргаа, малчид, “Оюу толгой” компанийн хамтарсан Ханбогдын Гурван талт зөвлөл өдгөө малчдын санал санаачилгыг бодит төсөл болгох маш зөв механизм болон хөгжөөд байна. Малчны хэрэгцээ хэлэлцүүлэгт орж, хэлэлцүүлэг нь төсөл болж, төсөл нь санхүүжилт, хэрэгжүүлэгчтэй болжээ. Улмаар малчдын өөрсдийн байгуулсан хоршоо үйлдвэрлэл, бизнесийг хариуцах зохион байгуулалт тогтсон байна.

Энэ тогтолцоо цаашид батжихын хэрээр хоршооны тайлагнал, гишүүдийн оролцоо улам идэвхжиж, амьдралын чанар тогтвортой сайжирна.

Ш.Ганбатын хувьд тарвасны борлуулалтаасаа эхний удаа түлээ, хүнсээ зэхэж, мал сүргийн бүтцээ сайжруулахад хөрөнгө оруулсан. Харин түүний дараагийн зорилго бол бүтээгдэхүүнээ тогтмол борлуулах “Ногооны цэг” байгуулах. Үйлдвэрлэл эрхэлж сурсан малчин одоо зах зээлээ өргөжүүлэхээр ирээдүйгээ зураглаж сууна. 

Гурван талт зөвлөлийн бий болгож буй тогтолцооны хамгийн үнэ цэнтэй үр дүн ийм шийдвэрүүдээр илэрнэ. Малчин дараагийн ургацаа, дараагийн бүтээгдэхүүнээ, дараагийн хөрөнгө оруулалтаа өөрөө төлөвлөж эхэлсэн тэр мөчид төслийн үр шим өрхийн хөгжлийг үргэлжлүүлэх чадвар болон үлдэх билээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ