Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт хурц үнэр тархаж, иргэдийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгаа талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд иргэдээс өргөдөл, гомдол ирсэн байна.
Энэ мөрөөр нөхцөл байдлыг газар дээр нь бодитой тогтоох, хурц үнэрийн эх үүсвэр, шалтгааныг тодорхойлох зорилгоор тус яамны Байгаль орчны улсын хяналтын газар холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран Сүмбэр суманд газар дээр нь ажиллаж байна.
Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн агаарын чанарын хяналтын хөдөлгөөнт лабораториор хэмжилт, шинжилгээ хийж, тухайн бүсийн агаарын чанар, орчны нөхцөл байдалд хяналт шалгалт явуулжээ.
Мөн тухайн орчимд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны хууль тогтоомж, стандарт, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг шалгаж байна.
