Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2026-09-11
Шаргын говь, Алтайн өвөр говь, Нөмрөгийн говийн бүс нутагт нар, салхины эх үүсвэр барих судалгаа хийж байна

Ерөнхий сайдын өгсөн чиглэл, ЗГХЭГ-аас ирүүлсэн хуваарийн дагуу Эрчим хүчний яамны ажлын хэсэг энэ сарын 7-16-ны өдрүүдэд орон нутагт ажиллаж байна. 

Тэд Говь-Алтай аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцжээ. 

Аймгийн хэмжээнд энэ өвөл оргил ачаалал 38-39 МВт-д хүрэх төлөвтэй тул тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг бүрэн хангаж, цахилгааны хязгаарлалт хийхгүй байхад анхаарч буй юм. 110 кВ-ын шугам шинэчилж, 11 МВт-ын нарны станц, батарей хуримтлуурын байгууламж ашиглалтад оруулснаар эрчим хүчний тасалдал багасжээ. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төслүүдийнхээ талаар Говь-Алтай аймгийн удирдлага танилцуулсан юм. Тодруулбал, 

  • Дэлгэр суманд хувийн хөрөнгө оруулалтаар 300 МВт-ын цахилгаан станц барьж, аймгийн төв рүү 220 кВ-ын ЦДАШ татах ажил гүйцэтгэж байна.
  • Аймгийн төвд тусгай хэрэгцээнд авсан 400 га газарт 20 МВт-ын нарны станц барихаар ТЭЗҮ-ийг батлуулсан бөгөөд “Диспетчерийн үндэсний төв”-өөс техникийн нөхцөлийн зөвшөөрөл авахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
  • Шаргын говь, Алтайн өвөр говь, Нөмрөгийн говийн бүс нутагт нар, салхины эх үүсвэр барих судалгаа хийж байна.

Говь-Алтай аймагт энэ сарын 15-наас дулаан хангамжийг залгахаар бэлтгэж буй. Ачаалал нь хэтэрсэн “Солонго” дулааны станцаас “Хөгжил” хорооллыг салгаж, төв шугамд хэсэгчлэн холбох асуудал тулгамдаж байгаа бөгөөд ажлын хэсгийнхэн газар дээр нь очиж танилцан, гарц шийдлийн талаар ярилцлаа. 

Дээрх аймгийн дулааны 1 дүгээр хэлхээний санхүүжилтэд зориулж 2027 оны улсын төсөвт 16.2 тэрбум төгрөг хуваарилахаар болбол тендер зарлан, ажлын явцыг түргэвчлүүлэхээ Эрчим хүчний яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газраас мэдэгдэв. Ажлын хэсгийнхэн Ховд, Увс, Завхан аймагт үргэлжлүүлэн ажиллана.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ