Дэлхийн улс орнууд хотын нийтийн тээврийг сайжруулах, түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах зорилгоор трамвайн тээврийг өргөнөөр нэвтрүүлж байна.
Тухайлбал, Францын Страсбург, Лион, Бордо зэрэг хотод трамвай нь нийтийн тээврийн чухал хэрэгсэл төдийгүй хотын соёл, өнгө төрхийн нэг хэсэг болж, жуулчдын сонирхлыг татдаг.
Харин АНУ-ын Портланд, Сиэтл зэрэг хотод трамвайг орчин үеийн хотын дэд бүтэцтэй уялдуулан дахин хөгжүүлж байна.
Испанийн Барселона, Мадрид хотууд трамвайн сүлжээгээрээ нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулсан бол Туркийн Истанбул, Измир хотод түүхэн трамвайг аялал жуулчлалын гол чиглэл болгон ашигладаг.
Австралийн Мельбурн хот дэлхийн хамгийн том трамвайн сүлжээний нэгийг ашигладаг бол Катарын Лусайл хот 2022 онд анхны Orange Line буюу зургаан буудал бүхий шугамыг ашиглалтад оруулж, сүлжээгээ өргөжүүлсэн байна.
Европын Люксембург улс трамвайн системээ үе шаттайгаар өргөжүүлж, 2025 онд нисэх онгоцны буудалтай шууд холбогдох трамвайн шинэ хэсгийг ашиглалтад оруулжээ.Түүнчлэн БНСУ-д 5.4 километрийн трамвайн төсөл хэрэгжиж, туршилтын тээвэр эхлээд байна.
Ийнхүү дэлхийн олон хот трамвайг орчин үеийн нийтийн тээврийн системийн нэг хэсэг болгон хөгжүүлж, хотын хөдөлгөөн, хүртээмж, байгаль орчны асуудлыг шийдвэрлэх нэгэн шийдэл болгон ашиглаж байна.