Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
18 цаг 51 мин
Евроазийн худалдааны түр хэлэлцээрийг эрчимжүүлэх асуудлаар хэлэлцэв

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр яамны газар, нэгжийн дарга нартай уулзаж, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны хоорондын худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэх, экспортын боломжийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцэв.

Монгол Улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг Улсын Их Хурал 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр соёрхон баталсан. Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас ОХУ, Казахстан, Беларусь, Армени, Киргиз Улс руу 367 нэр төрлийн барааг гаалийн тарифын хөнгөлөлт, чөлөөлөлттэйгээр экспортлох боломж бүрдсэн. Улмаар 2026 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээр албан ёсоор хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэлсэн.

Тарифын хөнгөлөлтөд мах, махан бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүн, ноос, ноолуур, нэхмэл, оёмол бүтээгдэхүүн, арьс шир зэрэг хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд голлон багтсан юм. Ингэснээр 180 гаруй сая хэрэглэгчтэй Евразийн зах зээлд Монголын уул уурхайн бус экспорт, тэр дундаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг гаргах боломж нэмэгдэх юм.

Иймд хэлэлцээрийн үр өгөөжийг бодит ажил болгох хүрээнд экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй болон цаашид экспортлох сонирхолтой аж ахуйн нэгж, иргэдийн саналыг нэгтгэх шаардлагатай гэж үзэв.

Энэ хүрээнд холбогдох газар, нэгжүүд экспортлогч ААН, үйлдвэрлэгчдийн саналыг авч, экспортын боломжийг тодорхойлон ирэх долоо хоногт нэгтгэж, хэлэлцээрийн хэрэгжилтийг бодит ажил болгоход анхаарч ажиллах юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ