Монгол Улсын ноолуур, арьс ширний салбарын нийлүүлэлтийн сүлжээнээс химийн хорт бодисын хэрэглээг халах төслийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ХХААХҮЯ-аас Дархан-Уул, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудад хэрэгжүүлж байна.
Уг төсөл 5 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд өнөөдөр /2026.09.04/ Дархан-Уул аймагт эхний хэлэлцүүлэг уулзалтаа зохион байгуулж байна.
Монгол Улс дэлхийд тэргүүлэх ноолуур болон байгалийн ширхэгт бүтээгдэхүүн нийлүүлэгч орон. Манай улсад жилд 23.7 мянган тонн ноос, 12.7 сая ширхэг арьс, шир бэлтгэн үйлдвэрлэдэг.
Ноос ноолуур арьс ширний нийлүүлэлтийн сүлжээнд 820 гаруй ААН үйл ажиллагаа явуулдаг. Салбарт 16.000 гаруй ажилтан ажиллаж байна.
Ноолуур, арьс ширийг боловсруулах явцад төрөл бүрийн химийн бодис ашигладаг. Ноолуур угаах, будах үед угаалгын бодис, гадаргуугийн идэвхт бодис, цайруулагч болон будагч бодис хэрэглэдэг бол арьс шир боловсруулахад хромын давс, сульфид, хүчил, шүлт, давс, будагч болон синтетик идээлэгч бодис ашигладаг. Эдгээр бодисын зарим нь буруу харьцсан тохиолдолд байгаль орчин болон хүний эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөөтэй.
Төслийн хүрээнд дээрх химийн хорт болон аюултай бодисын хэрэглээг бууруулах, цаашид халах, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн технологи, олон улсын сайн туршлагыг салбарын онцлогт нийцүүлэн нэвтрүүлэх, дахин ашиглах болон эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг салбарын мэргэжилтнүүд, түүхий эд нийлүүлэгчид, үйлдвэрлэгчид өнөөдөр хэлэлцэж байна.