Чингэлтэй дүүрэг, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтарч, Хятадын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (CIDCA)-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Нарны Эрчим Хүчээр Улаанбаатарын Гэр Хорооллыг Шинэчлэх нь” төслийг эрчимжүүлэх уулзалт Чингэлтэй дүүргийн 7-23 дугаар хороодын Засаг дарга, хэсгийн ахлагчдын хүрээнд дүүргийн менежер Д.Уянга удирдан зохион байгууллаа.
Уулзалтын үеэр төслийн ач холбогдол, төлөвлөгөөний талаар төслийн хүрээнд өрхийн сонголт дээр төвлөрч ажиллаж буй “Агаарын харуул” НҮТББ мэдээлэл хүргэлээ.
“Нарны илч” төсөл нь гэр суурьшлын бүсийн айл өрхүүдэд дулааны нөөцлүүртэй цахилгаан халаагуур болон батарейтай хосолж ажиллах нарны цахилгаан үүсгүүрийг нүүрстөрөгчийн ялгарлын бууралтыг хэмжих ухаалаг тоолуурын хамт айл өрхүүдэд суурилуулах юм.
Улмаар агаарын бохирдлыг эх үүсвэрийн тоог бууруулж, гадаад, дотоод орчны агаарын чанарыг сайжруулах зорилготой билээ.
Төсөлд хамрагдах айлуудад:
- УБ хотын Чингэлтэй дүүргийн үндсэн иргэн.
- Тухайн хаяг дээр 5-аас илүү жил амьдарсан.
- Монгол гэрийн хэмжээ 5 ханаас хэтрэхгүй бөгөөд өвөлдөө галладаг байх.
- Өвлийн улиралд өдрийн турш нарны тусгал сайтай байршилд байрладаг.
- Төсөлд хамрагдах чин хүсэлтэй, суурилуулалтын өмнө болон дараах явцад сургалт, судалгаанд хамрагдах бүрэн боломжтой байх.
- Өөр бусад агаарын бохирдлыг бууруулах хүрээнд дүүрэг нийслэлээс хэрэгжүүлж буй төсөлд хамрагдаагүй байх.
- Нарны панел суурьлуулах 3х3 хэмжээтэй газартай байх зэрэг шаардлагуудыг тавьж байгаа юм.
Хэрэв та дээрх шаардлагад нийцэж байгаа болон төсөлд хамрагдахыг хүсвэл өөрийн харьяа хорооны хэсгийн ахлагчтай болон “Агаарын харуул” НҮТББ-н холбогдох сувгуудаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.