
АНУ Иранд дарамт шахалт үзүүлэх зорилгоор тус улстай холбоотой төрөл бүрийн салбарт долоо хоног бүр шинэ хориг тавих төлөвлөгөөтэй байгаа аж.
Энэ талаар АНУ-ын Сангийн яамны сайд Скотт Бессент Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.
"Шинэ долоо хоног эхлэх бүрт хориг нэмэгдсээр байна. Бид банкны салбараас эхэлнэ. Ираны мөнгийг хадгалж, энэ дэглэмд тусалж болохгүй гэдгийг тэдэнд хэлнэ" хэмээн сайд Скотт Бессент цохон тэмдэглэсэн байна.
Түүнчлэн 08 дугаар сарын 31-09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд болох G20 орнуудын Сангийн сайд нарын уулзалтын үеэр Ирантай хамтран ажиллавал хоригт өртөх эрсдэлтэй гэдгийг анхааруулна" хэмээн тэрбээр онцолжээ.
Энд дуулгахад, АНУ, Иран 06 дугаар сарын сүүлээр сөргөлдөөнийг зохицуулах санамж бичиг байгуулсан ч өнөө хүртэл хэлцэлд хүрч чадаагүй байна. Хоёр тал санамж бичиг байгуулсныхаа дараагаас л харилцан гал нээж байгаад, сүүлийн өдрүүдэд намжмал байдалтай байсан ч ням гарагт АНУ-ын цэргийнхэн Ларак аралд цохилт өгчээ.
Энэ нь долдугаар сарын сүүл үеэс хойш АНУ цохилт өгч буй анхны тохиолдол юм.
Үүний хариуд Иран Иорданд байх АНУ-ын хоёр цэргийн баазад цохилт өгчээ.