
Монгол Улс, Иордан, Тунис, Испани болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөллүүд хүнсний тогтолцоог уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, газрын доройтол зэрэг харилцан уялдаатай сорилтуудыг шийдвэрлэх талаар хэлэлцэж гарц шийдлийг тодорхойлов.
Монгол Улсыг төлөөлөн ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн хэлэлцүүлэгт оролцож салбарын байр суурийг илэрхийлж, боломж шийдлийг хэлэлцүүлэв.
Хэлэлцүүлгээр Риогийн гурван конвенцын хүрээнд хэрэгжиж буй бодлогууд салангид бус, уялдаа холбоотой бодлого, хөрөнгө оруулалт, хэрэгжилтээр дэмжих шаардлагатайг онцолсон. Түүнчлэн хүнсний тогтолцооны шинэчлэл нь уур амьсгалын тэсвэртэй байдал, биологийн олон янз байдлын хамгаалал, газрын нөхөн сэргээлт, хүнсний аюулгүй байдал, хөдөөгийн иргэдийн амьжиргаанд нэгэн зэрэг үр өгөөж өгөх боломжтойг тэмдэглэлээ.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь улс орнуудын уур амьсгал, байгаль, газар, хүнсний тогтолцооны бодлогыг уялдуулах, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, төрийн болон хувийн хөрөнгө оруулалтыг нэгдсэн хөгжлийн зорилтуудад чиглүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.