АНУ-ын холбооны шүүхэд хэлэлцэгдэж буй Meta Platforms, Inc. компанид холбогдох хүүхэд, өсвөр үеийнхний цахим орчны аюулгүй байдалтай холбоотой нэхэмжлэлийн хэрэгт талууд 17.1 тэрбум ам.доллар хүртэлх төлбөр төлөх, хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах чиглэлээр Facebook болон Instagram платформд өргөн хүрээний өөрчлөлт хийх тухай эвлэрлийн тохиролцоонд хүрчээ.
Тус хэрэгт Meta компани Facebook, Instagram платформыг хүүхэд, өсвөр үеийнхнийг удаан хугацаагаар ашиглуулах, донтох шинжтэй хэрэглээг бий болгох байдлаар зохион байгуулсан, улмаар тэдний эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлийн талаар хэрэглэгч, эцэг эх, олон нийтэд хангалттай мэдээлээгүй зэрэг асуудлаар АНУ-ын мужуудын ерөнхий прокурорууд нэхэмжлэл гаргасан байна. Хэргийг Калифорнийн хойд дүүргийн АНУ-ын дүүргийн шүүхэд 2026 оны 8 дугаар сарын 18-наас эхлэн хэлэлцэж эхэлсэн бөгөөд шүүхийн ажиллагааны явцад дээрх эвлэрлийн тохиролцоонд хүрсэн байна.
Эвлэрлийн тохиролцооны хүрээнд Meta компани 10 жилийн хугацаанд 17.1 тэрбум ам.доллар хүртэлх төлбөр төлөхөөс гадна 18 хүртэлх насны хэрэглэгчдийн платформ ашиглах хугацааг хязгаарлах, шөнийн хэрэглээг хориглох, эцэг эхийн хяналтыг нэмэгдүүлэх, нас баталгаажуулах тогтолцоог сайжруулах болон хараат бус аудитын хяналт нэвтрүүлэх зэрэг арга хэмжээ хэрэгжүүлэхээр болжээ.
Гэхдээ уг 17.1 тэрбум ам.доллар нь шүүхээс Meta компанид ногдуулсан торгууль, эсхүл хохирлыг нөхөн төлүүлэх тухай эцсийн шүүхийн шийдвэрийн дүн биш юм. Харин талуудын тохиролцсон эвлэрлийн нөхцөл бөгөөд уг тохиролцоо нь АНУ-ын холбооны дүүргийн шүүхээр баталгаажиж, зөвшөөрлийн шийдвэр (consent judgment) гарсны дараа эрх зүйн хүчин төгөлдөр хэрэгжих юм.