Ойрх Дорнод дахь нийлүүлэлтийн сүлжээ тасалдсаны улмаас түлшний импортод нэмэлт зардал хамгийн ихээр гаргаж байгаа улс орнуудын тоонд Нидерланд, Итали, Франц, Испани улс багтаж байна гэж Эрчим хүч, цэвэр агаарын салбарын судалгааны төвийн (CREA) илтгэлд өгүүлжээ.
Тайланд дурдсанаар, 170 орны 134-ийн хувьд дизель түлш худалдан авах зардал нь дайн эхлэхээс өмнө тооцоолж байснаас өндөр тусаж байгаа аж. Тухайлбал, Нидерланд улс 2026 оны 03-08 дугаар саруудад нэмэлтээр 11,5 тэрбум евро зарцуулсан бол Итали 12,7 тэрбум евро, Франц 10,8 тэрбум евро, Испани 8,8 тэрбум еврогийн нэмэлт зардал гаргажээ.
Ингэснээр дээрх дөрвөн улсын импортын хэмжээ нэмэгдээгүй ч түлш худалдан авахад 41 тэрбум еврогийн нэмэлт зардал гаргасан байна. Энэ мэдээлэл нь Европын орнууд дэлхийн газрын тос, хийн үнээс ихээр хамаардаг гэдгийг харуулж байна гэж тайланд онцолжээ.
Ойрх Дорнодод хямрал үүссэний дараагаас байгалийн шингэрүүлсэн хий 60 хувиар, дизель болон бензиний үнэ 59 хувиар өссөн байна.
Европын хувьд дизель түлшний үнэ огцом өссөн нь ихээхэн хүнд тусаж байгаа бөгөөд учир нь Европын холбоонд ачаа тээвэрлэлт, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбар нь энэ түлшнээс ихээхэн хамааралтай байдаг аж.
Түлшний үнэ нэмэгдсэнээр нийлүүлэлтийн сүлжээнд нөлөөлж, улмаар бараа бүтээгдэхүүний өртөг өссөөр байгаа талаар тайланд дурджээ.