Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-08-24
ОХУ шинэ дайчилгаанд бэлдэж байна

ОХУ-ын цэргийнхэн бүс нутгууд дайчилгаанд бэлэн байгаа эсэхийг шалгаж эхэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.  

Тодруулбал, Калининград мужид цэргийн сургуулилалт болж, орон нутгийн оршин суугчдыг цэрэгт татах, байршуулах, хооллох болон зэвсэглэх ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан гэж барууны орнуудын тагнуулын албаны төлөөлөгчид мэдээлсэн талаар The Wall Street Journal дамжуулсан байна. 

Тагнуулын албаныхны мэдээлснээр, энэ төрлийн арга хэмжээ Орос орон даяр зохион байгуулагдаж байгаа гэнэ. Мөн ирэх сарын 18-20-ны өдрүүдэд болох Төрийн думын сонгуулийн дараа ОХУ цэргийн хүчээ нөхөхийн тулд шинээр дайчилгаа зарлаж магадгүй гэж барууны тагнуулын албаныхан үзэж байгаа аж.

2022 онд зарласан дайчилгааны дараа ОХУ-ын олон мянган иргэн дүрвэсэн тул тус улсын эрх баригчид энэ удаад гэнэтийн, өргөн цар хүрээтэй дайчилгаа зарлахаас зайлсхийж байгаа талаар эх сурвалжууд онцолсон байна. Одоо ОХУ-ын эрх баригчид иргэдийн дунд цочрол үүсгэхгүйн тулд цэргийн нөөцөд бүртгэлтэй байгаа хүмүүст мэдэгдэл илгээж, тэднийг цэрэгт татах замаар бие бүрэлдэхүүний хохирлыг нөхөхөөр оролдож байгаа талаар The Moscow Times  мэдээлжээ.

Гэсэн ч шинэ дайчилгаа зарлагдаж болзошгүй талаарх цуу яриа иргэдийн дунд хэдийнэ тархаж, ОХУ-ын цэргийн насны эрчүүд улс орноосоо явах арга хайн, Гүрж улстай хиллэдэг хуурай замын хил дээр асар их дараалал үүсэж эхэлсэн байна. 

Наймдугаар сарын дунд үе гэхэд Дээд Ларс боомтоор өдөрт 20 мянга гаруй хүн нэвтэрсэн гэж ОХУ-ын Гаалийн алба мэдээлжээ.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэд дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ