
Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнөөдөр “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн инженер, техникийн ажилтнуудтай өглөөний уулзалт хийлээ.
Салбартаа хэрэгжүүлж буй бодлого, ажлаа танилцуулах үеэр тэрбээр “Сайд хүний хувьд гурван үндсэн үүрэгтэй гэж харж байгаа. Нэгдүгээрт, бодлого тодорхойлох, хоёрдугаарт, эрчим хүчний салбарт ажиллаж буй 17,800 хүний хөдөлмөрийг үнэлүүлэх, гуравдугаарт, тэдний бүтээж буй баялаг, үнэ цэнийг олон нийтэд түгээх юм. Энэ салбарт ажиллагсдын хөдөлмөр үнэ цэнтэй байх ёстой” гэв.
Эрчим хүчний салбарт 139 буюу нэг бодлого, гурван зарчим, есөн ажилд тулгуурлан шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд тухайлбал, эрчим хүчний салбарт ажиллагсдын хүний нөөцийн бодлого боловсруулаад байна. “Эрчим инженер” хөтөлбөр хэрэгжүүлж, боловсон хүчний ур чадварыг дээшлүүлэх, инженер, техникийн ажилтнуудыг гадаадад сургах ажил үүнд багтаж байгаа юм. Мөн Монгол Улсын Эрчим хүчний шилжилтийн стратеги боловсруулж, Засгийн газарт саяхан танилцуулаад байна.
Дээр дурдсан гурван зарчим нь хэрэглэгч төвтэй, найдвартай, аюулгүй болон нээлттэй байдал гэдгийг сайд танилцууллаа. Эдгээр чиглэлээр хэдийн ажлууд хийж эхэлсэн, тухайлбал, эрчим хүчний салбарын ил тод байдлыг хангах зорилгоор хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт зэргийн талаарх мэдээллийг байнга шинэчлэн хүргэх дашбоардыг өнгөрсөн зургаадугаар сард ашиглалтад оруулсан билээ.
Есөн ажилд тарифын бодлого, зах зээлийн шинэчлэл, ухаалаг эрчим хүчний систем, компанийн засаглал, дэд бүтцийн бүтээн байгуулалт, тархмал эх үүсвэр, шинэ технологи, хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн оролцоо, хүний нөөцийн бодлого, хууль, эрх зүйн шинэчлэл багтаж байгаа юм.
Эдгээрийг хэрэгжүүлснээр Монгол Улсын эрчим хүчний салбар өдгөө чадлын дутагдал, дэд бүтэц шинэчлэгдээгүй, элэгдэж хуучирсан тоног төхөөрөмж, хоцрогдсон технологи, засаглал, үр ашиг, бүтээмж муу, хаалттай байдал, богино хугацаат хуримтлагдсан өр төлбөр, санхүүгийн сул дорой байдал, хүний нөөцийн бодлого алдагдсан, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах орчин нөхцөл ойлгомжгүй байгааг өөрчилж чадна гэдгийг салбарын сайд тодотгов.
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ажилтнуудтай уулзах үеэрээ салбарын сайд нийслэл, аймгуудад байршлаас хамаарч дулааны үнэ өөр байх ёстой. Өртөг ихтэй эрчим хүч, дулаан үйлдвэрлэчихээд хямд зардаг байж болохгүй. Өртгөөс хамаарсан өөр өөр тариф мөрдөх нь хэрэглээгээ хэмнэх, оргил ачааллыг багасгахад нөлөөтэйг дурдлаа.
Түүнчлэн Монгол Улсын эрчим хүчний хөгжлийн замнал (2026-2050)-ыг танилцуулсан юм. Дэлхий дахинд эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж буй өнөө үед нүүрс, нар, салхины арвин нөөцөө ашиглан бүс нутгийн хэмжээнд цахилгаан экспортлохыг зорьж байгааг онцлов. Тэрбээр цаашид салбартаа хэрэгжүүлэх шинэ санал санаачилга байвал нээлттэй хүргэж, оролцохыг хүслээ. Өглөөний уулзалтыг цаашид тогтмол хийж, салбарын байгууллагуудын ажилтнуудтай нээлттэй уулзах юм.
