
Канадын Цагаачлал, дүрвэгсэд, иргэний харьяаллын газраас 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн “PGP” буюу эцэг, эх, өвөө, эмээд хөнгөвчилсөн нөхцөлөөр виз олгох хөтөлбөрийг түр зогсоож буйгаа мэдэгдлээ.
Энэхүү хөтөлбөр нь канадын иргэн, тус улсад байнгын оршин суугч гадаадын иргэд тодорхой шаардлага хангасан тохиолдолд эцэг эх, өвөө эмээгээ Канадын байнгын оршин суугч болгохоор урих боломжтой зохицуулалт юм.
Одоогийн байдлаар тодорхойгүй хугацаанд “PGP” хөтөлбөрт шинэ хүсэлт хүлээн авахгүй, өмнө нь хүсэлтээ өгсөн ч урилга авч чадаагүй хүмүүс мөн шинээр хүсэлт өгөх боломжгүй байна.
Харин түр зогсоохоос өмнө хүсэлтээ өгсөн байсан иргэдийн хувьд тэдгээрийн хүсэлтийг зохих журмын дагуу үргэлжлүүлэн хянан шийдвэрлэнэ.
Канадын Засгийн газар 2026 онд уг хөтөлбөрөөр дамжуулан 15,000 хүртэлх гадаадын иргэдэд байнгын оршин суух зөвшөөрөл олгохоор төлөвлөсөн бөгөөд 2026-2025 оны Цагаачлалын төлөвлөгөөнд тийнхүү тусгагдсан байна. Канадын Засгийн газрын мэдээлснээр уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй гадаадын иргэдийн тоо жил бүр заасан квотоос давдаг тул ирсэн хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэх, хүлээлт үүсгэхээс сэргийлэн ийнхүү зогсоож байгаа аж.