Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-08-07
"Мета" компанид 567 сая ам.долларын төлбөр ногдуулжээ

АНУ-ын Нью-Мексико мужийн шүүх Фэйсбүүк, Инстаграмыг эзэмшдэг "Мета" компанийг өсвөр үеийнхэнд сошиал сүлжээний хэрэглээнээс учирсан сөрөг нөлөөллийг бууруулахад зориулж 567 сая ам.долларын сан байгуулахыг үүрэг болголоо.

Мөн хүүхэд, өсвөр үеийн хэрэглэгчдийг хамгаалах чиглэлээр хоёр платформын үйл ажиллагаанд хэд хэдэн өөрчлөлт хийх шийдвэр гаргажээ.

Нью-Мексико мужийн Ерөнхий прокурор Рауль Торрез Мета компани Фэйсбүүк, Инстаграмыг залуу хэрэглэгчдийн анхаарлыг аль болох удаан татах байдлаар хөгжүүлж, үүнээс үүдэж болох эрсдэлээс хүүхэд, өсвөр үеийнхнийг хангалттай хамгаалаагүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Санта-Фе хотын шүүгч Брайан Бидшайд "Мета" компанийн платформууд Нью-Мексико мужийн олон нийтэд сөрөг нөлөө үзүүлсэн гэж дүгнэж, тус компанийг 567 сая ам.долларын сан байгуулахыг үүрэг болгожээ. Уг хөрөнгийг өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндэд сошиал сүлжээний хэрэглээнээс учирсан сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээнд зарцуулах юм.

Үүнээс өмнө уг хэрэгтэй холбоотой шүүх хуралдаанаар тангарагтны шүүх Фэйсбүүк болон Инстаграмыг залуу хэрэглэгчдэд аюулгүй мэтээр ташаа ойлголт төрүүлж, хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль зөрчсөн гэж үзсэн байна.

Шүүх "Мета" компанид зөвхөн санхүүгийн үүрэг хүлээлгээд зогсохгүй хүүхэд, өсвөр үеийн хэрэглэгчдийг хамгаалах тодорхой шаардлагууд тавьжээ. Тухайлбал, Фэйсбүүк, Инстаграм ашиглах хугацаанд хязгаарлалт тогтоох боломжийг нэмэгдүүлэх, шөнийн цагаар мэдэгдэл хүргэхийг хязгаарлах, насанд хүрэгчид болон насанд хүрээгүй хэрэглэгчдийн хоорондын харилцааны хамгаалалтыг сайжруулах, хиймэл оюуны чатботын аюулгүй байдлыг чангатгах зэрэг арга хэмжээ багтсан аж.

Эдгээр шаардлагыг "Мета" компани таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх ёстой гэж шүүх шийдвэрлэжээ. "Мета" компани уг шийдвэрийг давж заалдахаа мэдэгдсэн байна. Тус компани хүүхэд, өсвөр үеийн хэрэглэгчдийг цахим орчинд хамгаалах олон төрлийн арга хэмжээ хэрэгжүүлж, хортой агуулгыг илрүүлэх, устгах чиглэлээр ажиллаж ирсэн гэсэн байр суурь илэрхийлжээ.

Ройтерсийн мэдээлснээр АНУ-д сошиал сүлжээ хүүхэд, өсвөр үеийнхэнд хэрхэн нөлөөлж байгаа асуудлаар технологийн компаниудын эсрэг олон хэрэг үүсээд байна. 40 гаруй муж болон 1300 гаруй сургуулийн дүүрэг сошиал сүлжээний компаниудын эсрэг ижил төстэй нэхэмжлэл гаргажээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ