Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-08-04
Дроны халдлагын улмаас ОХУ-д түлшний хязгаарлалтыг дахин сэргээжээ

Украины Зэвсэгт хүчин ОХУ-ын чухал дэд бүтэц, тэр дундаа түлшний хангамжийг тасалдуулах зорилгоор цуврал халдлагыг үргэлжлүүлэн хийсээр байна. 

Хамгийн сүүлд 07 дугаар сарын 29-нөөс 08 дугаар сарын 02-ны хооронд Украины Зэвсэгт хүчин  Рязань, Перм, Волгоград, Уфа, Саратовын  газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд урьд хожид байгаагүй өргөн цар хүрээтэй цохилт өгчээ. 

Тодруулбал, 07 дугаар сарын 29-ний өдөр Рязаны газрын тос боловсруулах үйлдвэрт дроноор цохилт өгсний улмаас ОХУ-д хүчин чадлаараа гуравдугаарт жагсдаг энэ үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосон байна. Мөн өдөр Пермийн газрын тос боловсруулах үйлдвэр цохилтод өртөж багагүй хохирол амсжээ.

Үүний дараа, 07 дугаар сарын 31-ний өдөр Волгоградын газрын тос боловсруулах үйлдвэр Украины довтолгоонд өртсөн бол 08 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд Уфагийн газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өгч "Башнефть-Уфанефтеаим" болон "Башнефть-УНПЗ" үйлдвэрүүдийн объект хохирол амссан байна.

Түүнчлэн Саратовын газрын тос боловсруулах үйлдвэр халдлагад өртөж, үйл ажиллагаа нь доголджээ. 

Эдгээр цуврал цохилтын улмаас түлш хангамжийн асуудал дахин хурцадсан тул бүс нутгуудад бензин олгох үед баримталж байсан хязгаарлалтыг дахин сэргээсэн байна. 

Тухайлбал, Волгоград муж саяхан болсон цохилтын дараагаас нэг машинд 40-өөс дээш литр бензин олгохгүй байх түр журам гарсан бол Эрхүү муж болон Сибирьт өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, нэг машинд 50 литрээс дээш бензин олгохгүй байхаар шийджээ. Түүнчлэн саванд бензин олгохыг хориглож байгаа аж. 

Хэдийгээр ОХУ-ын эрх баригчид нөхцөл байдлыг тогтворжуулах зорилгоор төрөл бүрийн арга хэмжээ авч байгаа ч ОХУ, Украины дайн үргэлжилж байгаа нөхцөлд чухал объектуудыг бүрэн хамгаалах  боломж хомс тул газрын тос боловсруулах үйлдвэрүүд гол бай болсон хэвээр байж, энэ хэрээр түлшний хомсдол цааш үргэлжилнэ гэж зарим ажиглагчид үзэж байна.

Энэ зун гэхэд л ОХУ-ын 18 газрын тос боловсруулах үйлдвэр Украины дроны цохилтод өртсөн. Тэр дундаа 07 дугаар сар дроны халдлага хамгийн эрчимтэй байсан сард тооцогдож байгаа бөгөөд энэ үеэр халдлагын улмаас ОХУ дахь газрын тосны боловсруулалтын нийт хэмжээ 2002 оноос хойших хамгийн доод цэгтээ хүрч унасан юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ