Австри улсын эрх баригчид Адольф Гитлер мэндэлсэн Браунау-ам-Инн хот дахь байшинг шинэчлэн засаж, тэнд цагдаагийн хэсэг байрлан үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
1889 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Адольф Гитлер мэндэлсэн энэ байрыг 20 сая евро зарцуулан шинэчлэн засаж, Браунау-ам-Инн хотын дүүргийн цагдаагийн удирдах газар болон цагдаагийн хэсэг байрлах болсон байна.
Олон жилийн туршид хувийн өмчид байсан энэ байрны өмчлөлтэй холбоотой маргаан 2017 онд үүссэний дараа улсын мэдэлд шилжжээ.
Өмнө нь энэ байранд сургууль, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих байгууллага байрлаж байсан аж. Энэ байгууллага 15 жилийн өмнө нүүсний дараа байр эзэнгүй байжээ.
Барилгыг цааш хэрхэн ашиглах талаар асуудал хөндөгдөхөд барилгыг буулгах, музей болгох санал гарч байсан аж. Гэвч шинжээчийн комисс бүх саналыг үгүйсгэн, энэ барилгыг танигдахааргүй болтол өөрчлөн засаж, дахин ашиглахыг зөвлөжээ.
Эрх баригчдын мэдэгдсэнээр, өмнө нь неонацистууд Гитлер мэндэлсэн байрыг мөргөл, шүтлэгийн газар болгон ашиглах тохиолдол хэдэнтээ гарч байсан гэнэ. Тиймээс цаашид ийм үйлдэл дахин гаргахгүйн тулд цагдаагийн хэсэг байрлуулахаар болсон гэж онцолсон байна.